ИНФОГРАФИК: Энэ онд ТАТВАРЫН АЧААЛАЛ хэрхэн өссөн бэ?
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар цалин хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох албан татварыг энэ оноос 10, 15, 20, 25 гэсэн шаталсан хувиар тооцож суутгах болов.
Энэ шийдвэр өндөр цалинтай иргэдийн дургүйцлийг төрүүлж, уул уурхай, төмөр замын ажилчдын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Мөн зарим иргэн өөрийн цахим хуудсандаа татварын нэмэгдлийг буруу тооцон, хэчнээн төгрөг суутгах талаар түгээж байна. Иймд татварын ерөнхий газар дунджаас дээгүүр орлоготой иргэдийн төлөх бодит татварыг тооцоолон гаргажээ.
ХХОАТ-ыг тооцохдоо үндсэн цалингаас суутгадаггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараах дүнгээс тооцон суутгадаг. Харин зарим иргэн шууд үндсэн цалингаас суутгах мэтээр, буруу тооцоо хийсээр байна. Мөн татварын хувийг нэмсэн ч хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт жилийн 84,000 (сарын 7000) төгрөг байсныг энэ оны эхний өдрөөс үе шаттай нэмэгдүүлж, 120,000, ирэх онд 160,000, 2019 200,000 төгрөг гэх мэтээр 240,000 төгрөг болгов.
Ингэснээр бидний төлөх ХХОАТ-аас энэ жил 120 мянга (сард 10 мянга, 7000+3000) төгрөг чөлөөлөх юм.
Иймд таны төлөх бодит татвар 10 биш 9.3 хувь, 11.6 хувь, 14 хувь, 14+ хувь болж буурах юм байна.
ХХОАТ-аас хэнийг, ямар хэмжээгээр ЧӨЛӨӨЛӨХ ВЭ?
ХХАТ-ын тухай хуульд зааснаар дор дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн буюу тариалсан Монгол Улсад оршин суугч хувь хүний зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө:
- Үр тариа;
- Төмс, хүнсний ногоо;
- Жимс, жимсгэнэ;
- Тэжээлийн ургамал.
Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна.
Хэрэв татвар төлөгч тайлант жилд албан татвараа илүү суутгуулсан бол тухайн тайлант жилд татвар төлөгч өөрөө ХХОАТ-ын тайлан буюу “ТТ-06”-аар албан татвараа үнэн, зөв тодорхойлон тайлагнаж, харьяа татварын албаар баталгаажуулна.
Татвар төлөгчийн суутгуулсан албан татвар илүү болох нь баталгаажсан бол уг илүү төлөлтийг суутгагч татвар төлөгчийн дараа оны төлөх татварт суутган тооцно.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|