Уяачид мессэж илгээж гишүүд, сайд нарыг дарамталсан гэв үү?
Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг юм. Өмнөх долоо хоногийн хуралдаанаар Өвлийн морин уралдааныг хориглох тухай Шадар сайд Ө.Энхтүвшингийн оруулж буй тогтоолын төслийг хэлэлцэх байв. Гэтэл хэлэлцээгүй байна.
УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын хуралдаанд өөрөө явж орж суучихжээ. Тиймээс Засгийн газар “…Ирэх долоо хоногт хэлэлцье” гээд хойшлуулсан байгаа юм.
УИХ-ын дарга М.Энхболд бол Монголын Морин Спорт Уяачдын Холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Монгол Улсын манлай уяач цолтой. Хурдан морь уралдуулах бол түүний хобби. Ийм учраас Засгийн газрын хуралдаанд өөрийн биеэр морилж байгаа хэрэг.
Ингэж орсон нь бас учиртай. Хэрвээ Засгийн газраас өвлийн морин уралдааныг хориглох тогтоол гаргачихвал ингэсгээд эхэлдэг өвлийн морины уралдаанууд болохгүй. М.Энхболд болон уяачид цэнгэж чадахаа болино гэсэн үг.
Ерөнхийлөгч нь Засгийн газрын хуралдааныг бойкотолж чадаад, хориглох тогтоолыг хойшлуулснаас хойш өчигдрийг хүртэл их юм болжээ. Юу гэвэл, өнгөрсөн лхагва гаригийн оройноос хойш сайд нарын утас амрахаа больсон байна. Эхлээд уяачид ярьдаг, мессэж бичсэн байгаа юм. “…Өвлийн морин уралдааныг хориглох хэрэггүй. Ийм тогтоолыг эсэргүүцээрэй” гэсэн байжээ. Бас хөдөөнөөс сонгогдсон гишүүд рүү утас цохиж, ийм мессэж илгээн, сайд нарт нөлөөлөхийг шаардаж дарамталсан гэнэ. Учир нь Өвөл, хаврын морин уралдаан тэр гишүүдийн тойрогт болдог юм.
Ер нь өвлийн морин уралдаан гэж юу юм бэ гэдгийг бид хэдэн жилийн турш ярьсаар ирсэн. Бүгд эсэргүүцдэг. Гэхдээ болиулж чаддаггүй. 2013 онд Засгийн газраас Өвөл, хаврын морин уралдааныг хориглох тухай шийдвэр гарч байсан ч уяачид төлөвлөснөөрөө наадаад л өнгөрч байсан. 2016 онд зарим аймгийн Засаг дарга ийм захирамж гаргачихаад уяачдад дарамтлуулж байгаа тухай дуулдаж байв. Явж явж уяачид дийлээд байдаг гэсэн үг. Гэтэл энэ бүхний хохирогч нь хүүхэд л болж хоцордог. Ингэхдээ унаач хүүхэд гэмтлээ, нас барлаа гэсэн нөхцөлд энэ хохирол яригдана. Гэтэл хөхөө өвлийн хүйтэнд айлын нялх хүүхэд олон арван км цагийн хурдтай жавар сөрөөд хэдэн цаг давхина гэдэг юу болохыг ярьдаг хүн цөөхөн. Тэгэхээр өвөл, хаврын хурдан морины уралдаан тэр чигтээ л хүүхдийн эрхийг зөрчсөн явдал болж байгаа юм.
Аливаа юманд цаг хугацаа гэж бий. Албан тушаал, эрх мэдэл, нөлөө чадлаараа бамбай хийж дандаа ингэж бусдын эрх ашгийг хөндсөн зугаа, цэнгэл зохион байгуулга гэж юу байхав. Ард түмэн дургүй байдаг юм, үүнд.
Долоо хоногоор хойшлоод байсан энэ тогтоолын төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар бас л хэлэлцсэнгүй. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас өгч байгаа тайлбараар Шадар сайд хүндэтгэх шалтгааны улмаас Засгийн газрын хуралдаанд хүрэлцэн ирээгүй учраас энэ асуудлыг ирэх долоо хоногийг хүртэл хойшлуулсан гэлээ.
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин