Энэ оны нэгдүгээр сарын 2-ноос өмнө сунгалт хийлгэсэн иргэдийн гадаад паспорт хүчинтэй
Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс гадаад паспорт олголтын талаар тодрууллаа.
-Гадаад паспортын сунгалтыг зогсоогоод хэд хонож байна. Хуучин виз даруулсан иргэдийн паспортын хүчинтэй хугацаа хэвээрээ байгаа юу?
- 2018 оны нэгдүгээр сарын 2-ноос өмнө сунгалт хийлгэсэн иргэдийн гадаад паспорт бүгд хүчинтэй. Иргэд эзэмшиж байгаа гадаад паспортаараа бусад орон руу нэвтрэх бүрэн боломжтой. Иргэдийн дунд хуучин эзэмшиж байсан гадаад паспортыг хүчингүй болгож шинэ паспорт авна гэж андуурч байна. Иргэдийн ашиглаж байгаа гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй бөгөөд сунгалт хийлгэсэн нь ч бас хүчинтэй хэвээрээ. 2018 оны нэгдүгээр сарын 2-ноос зөвхөн гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон.
-Гадаад паспортын сунгалтыг яагаад зогсоосон бэ. Албаны хүний хувьд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
- Олон улсын иргэний нисэхийн байгууллага гэж бий. Манай орон энэ байгууллагын гишүүн орон. Тус байгууллага 2004 онд Чикагогийн 9 дүгээр протоколоор нийт гишүүн орнууддаа “Машинаар уншигддаггүй ажлын баримт бичгийг эргэлтээс гаргах тухай” гэсэн тунхаг бичиг гаргасан. Тус олон улсын байгууллагаас гаргасан уриалга буюу тунхаг бичгийг гишүүн орнууд биелүүлэх үүрэгтэй. Ингээд Монгол Улсын Засгийн газар 2010 онд 289 дүгээр тогтоолоор “Агаарын тээврийг хялбаршуулах” үндэсний хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрт гадаад паспорт буюу аяллын баримт бичигт, Нэгдүгээрт, 2015 оны арван нэгдүгээр сарын 24-нөөс өмнө сунгалтын үйл ажиллагааг зогсоох, Хоёрдугаарт, Гадаад паспортын загварыг өөрчлөхөөр бол Олон улсын стандартад нийцсэн гадаад паспортын загварыг зохиох, хэвлэх, иргэдэд олгох үйл ажиллагааг явуулна гэсэн хоёр заалт орсон байдаг.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2017 оны гуравдугаар сарын 20-ны94 дүгээр тогтоолоор Гадаад паспортын сунгалтын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан юм. Энэ өдрөөс Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсооно хэмээн мэдээлсэн. Сунгалтын үйлчилгээг зогсооно гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл, 2018 оны нэгдүгээр 2-ноос таны гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан байвал шинээр гадаад паспорт олгох юм. Иймээс өмнө нь ашиглаж байгаа гадаад паспортын хугацаа дуусаагүй байвал гадаадад зорчиж болно.
-Иргэдийн дунд гадаад паспортыг шинэчилж байна гэсэн ташаа ойлголт байна. Энэ талаар?
-Шинэ паспорт гэж байхгүй. 2002 онд Гадаад харилцааны сайдын баталсан загвараар зохиогдсон гадаад паспортаар иргэд зорчиж байна. Энэ нь 2006 онд Олон улсын стандартад нийцсэн, сайжруулалт хийгдсэн загвар юм. Өөрөөр хэлбэл иргэд 2002, 2006 оны хоёр загварын паспортаар зорчиж байгаа гэсэн үг. Үүнээс хойш Монгол Улс иргэдийнхээ гадаадад зорчих баримт бичигт ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Одоо олгож байгаа паспорт ч энэ загвараараа гарна. Зөвхөн гадаад паспортын 6 дугаар хуудсанд байдаг сунгалт хийгддэг бүртгэлийн ажиллагаа хийгдэхгүй юм. Хэрвээ сунгалтын хугацаа дуусах болж байгаа бол гадаад паспортын хугацаа дуусахаас нэг сарын өмнө паспортаа захиална.
-Сунгалт хийхээ больсноос хойш ачаалал эрс нэмэгдсэн үү?
-Өмнө нь сунгалтын үйлчилгээг өдөрт нь үзүүлдэг байсан. Харин одоо бол Засгийн газрын 237-р тогтоолд заасан журмаар үйлчилж байгаа. Хэрвээ энгийн үйлчилгээ авах тохиолдолд ажлын 10 хоногийн дотор гадаад паспорт иргэний гар дээр очно. Хэрэв яаралтай үйлчилгээ авахаар бол захиалснаас гурван хоногийн дотор гардаг энэ хугацаа хэвээрээ мөрдөгдөж байна. Гадаад паспорт захиалгын үнэ, паспортад ямар ч өөрчлөлт ороогүй.
Иргэд өөрийнх нь эзэмшиж байгаа гадаад паспорт хүчингүй болж байгаа юм шиг ойлгож, шинээр гадаад паспорт захиалах гээд ачаалал үүсгэж байна.