LIVE: Д.Загджав: ШАТАХУУНЫ үнэд САНАА ЗОВОХГҮЙ байж болно
Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн дэд сайд Д.Загджав цаг үеийн холбогдолтой асуудлаар мэдээлэл өгч байна.
Тэрээр “Оюутолгой Эрдэнэтээс нөөцөөрөө том. “Оюутолгой” компани дэлхийн олон улсад олборлолт хийдэг, манайх Канадын “Оюутолгой” компанийн түүхий эд бэлтгэх бааз болоод байна. Монголын “Оюутолгой” бол нэг төслийн жижиг нэгж. Тэд зардлаа өсгөж, ашиггүй ажиллаж байгаа мэт боловч Монгол Улсын баялгийг цөлмөж байна. Бид гадны хүмүүсийг оруулж ирээд, эд баялгаа өдөр шөнөгүй зөөлгөж байна. Оюутолгойн автомашин ямар ч дараалалгүй хамгийн эхний ээлжинд явдаг. Нөхцөл байдал ийм байхад би инээгээд сууж чадахгүй. Бид Рио-Тинто компанийн санхүүгийн тайланд аудит хийж чадахгүй байгаа. Угтаа бол төрийн үндэсний аудит хяналт тавьж байх ёстой” гэлээ.
Харин шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.
-Шатахууны үнэ яагаад нэмэгдэв. Салбарын яам ямар зохицуулалт хийхээр ажиллаж байна вэ?
-Шатахууны үнэтэй холбоотой асуудлыг зохицуулах зөвлөл бий. Энэ зөвлөл шатахууны хангалт нийлүүлэлтийг авч хэлэлцсэн. Шатахууны үнийн өсөлтөөс хамаарч арга хэмжээ авч, онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэх хугацааг нефть импортлогч компаниуддаа боломж олгож, хугацааг нь хойшлуулж байсан. Энэ хугацаанд компаниуд нөөцөө бүрдүүлсэн байх учиртай. Компаниуд үнээ нэмсэн зүйл байхгүй. Зохиомол хомсдол биш болов уу. Шатахууны онцгой албан татварыг нэмсэн зүйл байхгүй.
-Одоо ямар ажил хийж байна?
-Нефтийн бүтээгдэхүүний үнэд үүссэн асуудлыг судлах ажлын хэсэг ажиллаж байгаа. Бүх зүйл тодорхой болсны дараа асуудлыг эргэж ярина. Ер нь шатахууны сарын нөөц бий. Үнэтэй холбоотой асуудлыг ажлын хэсгийн шалгалтын дүнгийн дараа тодорхой ярих юм. Асуудалд бид тооцоо судалгаатай хандаж байгаа. Үнийг бодлогоор зохицуулах арга хэмжээ авахаар ажиллаж байна. Зах зээл, үнэ тогтворжуулах ажил явагдаж байгаа. Та бүхэн нефтийн бүтээгдэхүүний үнэд санаа зовохгүй байж болно. Өмнө нь үнэ тогтворжуулах чиглэлээр үе үеийн Засгийн газар тодорхой ажил хэрэгжүүлж ирсэн. Шатахуун импортлогч компани, үйлдвэрчний эвлэл, төр гурван талт уулзалт хийж байгаа. Үүний дараа хариу өгнө.
-Өөр аж ахуйн нэгжийг оруулж ирж болдоггүй юм уу?
-Монголын зах зээлд иргэн, аж ахуйн нэгж ажиллах нь чөлөөтэй. Нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар Засгийн газар ажиллаж байна.
АРСЛАН.мн Arslan mnШУУД: Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ОЮУТОЛГОЙ компанийн талаар мэдэгдэл хийж байна
Posted by АРСЛАН.мн Arslan mn on Sunday, January 14, 2018