Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагууд тодорлоо

2018 оны 1 сарын 15

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажиллаж шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гаригт ХНХЯ-ны хурлын танхимд боллоо. Уралдааныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

     Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

     Арга хэмжээг С.Чинзориг сайд нээж үг хэлсэн.  Тэрбээр “Тогтвортой хөгжлийн гол хөдөлгүүр нь зохистой хөдөлмөр байдаг. Зохистой хөдөлмөрийн үр дүнд ядуурлыг устгаж, нийгмийн амар амгалан, аюулгүй байдлыг хангаж чадна. Үүний  тулд хөдөлмөрийн хүрээний хүний эрхийг тэр дундаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах эрхийг баталгаажуулах шаардлагатай. Бид  хөдөлмөрчин хүний эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхийг хангаж, ажил олгогчид, ажиллагсад өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлаж урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг байгууллагын нийгмийн хариуцлагын гол шалгуур болгон тавих хэрэгтэй байна. Эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгохын тулд ажил олгогч болон  ажилтны идэвхитэй оролцоо, нийгмийн түншлэгч талуудын үр дүнтэй хамтын ажиллагаа нэн чухал.  Үйлдвэр,  аж ахуйн нэгж байгууллагууд жил бүр “Ослыг тэглэх зорилт”-ыг дэвшүүлэн уг зорилтод хүрэхийн тулд ихээхэн идэвхи, санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. ХНХЯ-аас цаашид эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох чиглэлээр идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаа байгууллага, хамт олныг урамшуулан, бүхий л талаар дэмжиж, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарна” хэмээн онцолсон.

            Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажилласан дараах аж ахуйн нэгжүүд шилдгээр шалгарч шагналаа гардаж авлаа.

Шилдэг том аж ахуйн нэгж байгууллага:

"ЦДҮС-ТӨХК"

"ДЦС3-ТӨХК"

Шилдэг дунд аж ахуйн нэгж байгууллага:

"Платинум ланд" ХХК

 “СС Mongolia” ХХК

 "Транс-Трейд" ХХК

Шилдэг жижиг аж ахуйн нэгж байгууллага:

"Мед-Импекс" интернэшл

"Орхон аймаг 18-р цэцэрлэг" тус тус шалгарсан юм.

 

     Мөн арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат “Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл  мэндийн төв нь 50 жилийн түүхтэй байгууллага. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль тогтоомжийг сурталчилах, ХНХЯ-ны харъяа төрийн үйлчилгээний байгууллага. 2011 оноос хойш Монгол Улсад үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан  сэргийлэх ААН байгууллагуудыг нийгмийн хариуцлагтай аюулгүй ажиллагааг хангаж ажилласан байдлаар нь шалгаруулж ирлээ. 2017 оны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажилласан аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах арга хэмжээ амжилттай боллоо. Хөдөлмөрийн аюулгүй байдалд салбарын удирдлагууд анхаарлаа хандуулж байгаад таатай байна. Шилдгээр шалгарсан ААН-үүд маань бусаддаа сайн туршлагаа хуваалцан ажилласанаар  манай улсад үйлдвэрлэлийн осол гэмтэл, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдах юм. Үйлдвэрлэлийн осол гэмтэл тодорхой хэмжээнд буурч байгаа ч урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажилд илүү анхаарч ажиллаж байна” гэсэн юм.  

     Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам соёлыг түгээн дэлгэрүүлж, олон нийтэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж 2017 онд  жүжигчин СТА Т.Бархүүтэй хамтран ажилласан.  Тэр ч утгаараа жүжигчин Т.Бархүүг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн элч-2018”-ээр өргөмжилсөн. Энэхүү хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлнэ гэдгийг жүжигчин Т.Бархүү дуулгасан.

       Энэхүү арга хэмжээний төгсгөлд 2017 оны Шилдэг том аж ахуйн нэгжээр шалгарсан “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар салбарт оролцогчид уригдсан юм. Тус байгууллагын хамт олон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарыг баримтлан ажиллаж байгаа туршлагаасаа хуваалцаж, өдөр тутамдаа хэрхэн ажилладаг талаар үзүүлэх сургалтыг зохион байгуулсан.

     Тус уралдаан нь аж ахуйн нэгж байгууллагуудыг жижиг, дунд, том гэсэн 3 ангилал тус бүрээр шалгаруулдаг. Ингэхдээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр болон ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг эсэхийг дүгнэдэг.

     Мөн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг төсөвтөө тусган зарцуулдаг, үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны нөхцөлд тодорхой ахиц дэвшил гарсан, ажилтан эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр ажилчид хангагдсан, үйлдвэрлэл, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэг, журам, соёл тогтсон байдал зэргийг харгалзан шалгаруулдаг байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52347
0 эможи
keyboard_arrow_up