Чингэлэгт дарагдсан гэр бүл эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй 11 сая төгрөгийн төлбөрт унажээ
Өнгөрсөн оны долоодугаар сарын 16-ны 12.00 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны тойргийн уулзвар дээр осол гарч 40 тонны ачаатай чингэлэг унаж, нэг гэр бүлийн таван гишүүн жижиг тэрэгтэйгээ дарагдсан аймшигт осол гарсан.
Тус хэрэг гарснаас хойш зургаан cap өнгөрсний дараа энэ сарын 9-нд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдсэн байна. Осолд орсон гэр бүлийн тэргүүн Б.Мөнхбаатартай дахин холбогдож, хэрэг явдал хэрхэн шийдвэрлэгдсэн тухай ярилцлаа.
-Осол болсон өдрөөс хойш зургаан cap өнгөрчээ. Тухайн үед юу болсон талаар ярилцлагаа эхлэх үү?
-Манайх Баруун салаанд зусланд гарчхаад түймрийн утаатай байсан учраас хүүхдүүдээ агаар салхинд гаргах зорилгоор уул руу гарч сууя гэж бодоод гэр бүлээрээ явж байсан. Замдаа бага хүү минь халуунтай байсан болохоор эмийн сангаас эм авах санаатай эргэсэн юм. Баруун салааны тойргийн уулзвар дээр гэрлэн дохиогоо хүлээгээд зогсож байсан.
Тэгтэл Жанцан дэлгүүрийн талаас контейнер ачсан том оврын машин эгц өөдөөс хурд хэтрүүлэн давхиад ирэхээр нь сандарсандаа баруун гар тийш дараад 3-4 метр явж амжаагүй байтал контейнерийн булан харагдсан. Түүнээс хойш юу ч санахгүй байгаа. Ухаан ороод сэрээд хартал хажууд суусан хоёр хүүхэд маань ухаан алдчихсан, арын суудал дээр явж байсан эхнэр, бага хүү хоёр ухаан алдаад дөнгөж сэрж байсан.
Яг тухайн үед аз болж 103-ын эмч залуу бидний ойролцоо явж таараад бидэнд тусалсан. Эхлээд эхнэр, бага хүү хоёрыг машинаас гаргасан. Урд суудалд явж байсан хоёр хүү контейнерт хавчуулагдчихсан, өвчиндөө тарчлаад уйлалдаж, хоёр цагийн турш хэчнээн удаа ухаан алдаж, сэрснийг мэдэхгүй байна. Эмч залуу хоёр хүүд хиймэл амьсгаа ээлжлэн хийж амь насыг нь торгоож байх үед яаралтай түргэн тусламж, онцгой байдлынхан ирж биднийг аварсан.
-Танай гэр бүлийнхний эрүүл мэндийн байдал одоо ямар байгаа вэ?
-Том хүүгийн хувьд жаахан ачаалалтай байхаар муурч унадаг болчихсон. Хоёр хөл нь өвдөгнөөс шилбэ хүртлээ мэдээгүй хэвээрээ л байна. Дөнгөж 15 настай хүүхэд одоо ийм байгаа юм чинь цаашдын ирээдүй нь хэцүү л байна. Харин хоёр бага хүү тархиндаа гэмтэл авсан. Одоогоор илэрсэн зүйл байхгүй ч гэсэн том болоод ухаан алдаад уначихдаг болчихвол гэж айх юм. Хаяа цас орж, хүйтрэхээр толгой өвдлөө гэж уйлагнадаг.
Эмч, эмнэлэг гэхээр л уйлаад, уурлаад байдаг болсон. Хэдэн cap эмнэлгээр явж байна. Тархиных нь яс хугарчихсан болохоор их мэдрэг байдаг гэсэн. Муу зүйлийг зөгнөөд байгаа юм биш. Ер нь тархины гэмтэл урт хугацааны дараа ямар нэг байдлаар илэрдэг гэж хүмүүс ярих юм. Миний хувьд өвдөг янгинаж өвдөнө.
Одоо хуучин шигээ мужааны ажлаа хийж чадахгүйд хүрсэн. Хэдэн газар ажлын анкет бөглөсөн. Эхнэр бол байнга л цочно, айна, бухимдана. Ослын дараа удаагүй аавыгаа алдчихсан болохоор сэтгэл санаа нь ерөнхийдөө л хүнд. Гэртээ бага хүүгээ хараад суудаг. Бас орлогогүй, хөдөлмөр эрхлэхгүй байгаа.
-Хэдхэн хоногийн өмнө шүүх хурал болсон гэсэн. Яагаад ингэж удаан хугацааны дараа шүүх хурал болсон юм бэ?
-Шүүх хурал хойшилсоор арванхоёрдугаар сарын 22-нд шүүх хурал болно гээд бүгд очсон боловч “МКМИ” гэдэг компанийг иргэний хариуцагчаар татаж байлцуулж байж хурал болно гээд шүүх хурлыг хойшлуулсан. Тэгээд энэ сарын 9-нд шүүх хурал болсон компанийн менежер Г.Алдартбаатар гэдэг залуу өөрийг нь буруутгаад ирсэн чинь "Японоос дугуй оруулж ирдэг компанийн статустай байдаг ч гэсэн би ганцаараа л ажилладаг.
Захирал, менежер гээд бүх орон тоонд өөрөө ажилладаг. Манай гэр бүл өвчин зовлонтой төлбөрийн чадамжгүй. Бид нэхсэн мөнгийг чинь өгч чадахгүй. Манайх тэр осол гарснаас хойш үйл ажиллагаагаа зогсоочихсон. Угаасаа иргэний хариуцагч болох үндэслэл байхгүй” гэсэн.
-Яагаад ийм тайлбар хэлэх болов. Үнэхээр үндэслэлгүй хүнийг шүүхэд дуудна гэж байхгүй биз дээ?
-Хуульд зааснаар ямар ч ачааг тээвэрлэлтийн гэрээ байгуулж байж тээвэрлэх ёстой байтал тэдний компани гэрээ байгуулаагүй тээвэрлэсэн. Гэрээ байгуулаагүй учраас хариуцлага хүлээлгэнэ гэхээр “Ер нь амьдрал дээр тээврийн гэрээ гэж байдаггүй” гэж тайлбарлаад байгаа юм. Тухайн үед тээврийн гэрээ байгуулж чингэлэг ачаагүй, мөн бүрэн бус тээврийн хэрэгслээр ачаа бараагаа зөөж байх үеэр осол гарч манай гэр бүл эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон.
Гэтэл ачаа ачуулсан компанид ямар ч хуулийн хариуцлага хүлээлгээгүй. Ядаж захиргааны хариуцлага ч тооцоогүй. Бидэнд эрүүл мэндийн нөхөн олговор олгохгүй юмаа гэхэд хариуцлага тооцож, сануулах, үйл ажиллагааг нь зогсоох гэх мэт арга хэмжээ аваагүй. Ахиад ачаа тээвэрлэж байгаад нэг гэр бүлийн амийг авахыг үгүйсгэхгүй шүү дээ.
-Жолоочтой шүүх хурал болохын өмнөх өдөр тохиролцсон гэж байсан. Тэр үед хэрхэн тохиролцсон юм бэ?
-Жолооч бол нэг хэсэг таг чиг алга болчихсон. Тэгээд арванхоёрдугаар сарын 22-нд шүүх хурал болох гэж байна гэсэн чинь гэнэт хүн чанартай хүмүүс болж хувираад утсаар яриад, уулзах санал тавьсан. Манайх 38 сая төгрөг нэхэмжилсэн. Тэгтэл аравдугаар сарын 12-ны байдлаар 31 сая төгрөг нэхэмжилсэн байна гээд жолоочид прокурор бичиг хүргүүлсэн байсан. Жолооч нэхэмжилсэн мөнгийг чинь барагдуулна.
Өмнө нь даатгалын газраас 10 сая төгрөг өгсөн, машины мөнгө гэж таван сая төгрөг өгсөн.Үлдсэн 15 сая төгрөгийг шүүх хурал болохын урд орой нь ирж өгч байгаа юм. Үүнээс өмнө мөнгө өгөхгүй гээд гүрийгээд байсан л даа. Жолоочийн өмгөөлөгч “Энэ хүн чинь ар гэрийнхэндээ хаягдчихсан. Архи уугаад төрсөн хүүдээ зодуулчихсан явж байсан. Би ар гэрийнхэнд нь өдий болтол өсгөсөн аавыгаа хог дээр хаях гэлээ гээд байгаа орон сууцыг нь барьцаанд тавиад мөнгө олоод ял авахаас нь өмнө асуудлаа шийд” гэж ятгасны эцэст урд орой нь байраа барьцаанд тавиад 15 сая төгрөг бидэнд авчирч өгсөн.
Тэгэхдээ ч биднээс аавыгаа шоронд оруулчихмааргүй байна гээд гуйгаад л байсан. Бид ч гэсэн буруугаа ойлгочихсон хүнийг уучлаад, нэхэмжилсэн мөнгөө аваад өнгөрөх бодолтой байсан. Тэр орой нь хоёр тал тохиролцоод гомдолгүй гээд гарын үсэг зурсан.
-Та нэхэмжилсэн мөнгөнийхөө утгыг тайлбарлахгүй юу?
-Онгоцны тиз таван сая төгрөг нэхэмжилсэн. Эмчилгээнд яваагүй байж энэ мөнгийг нэхэмжилж болохгүй гэж хуулинд заасан байдаг юм байна. Хүүхдийнхээ хөлийг мэдээ орохгүй бол Өмнөд Солонгос руу явж эмчлүүлэхээр энэ мөнгийг нэхэмжилсэн. Өмгөөлөгчийн хөлс хоёр сая төгрөг, сэтгэл санааны хохирол гэж 10 сая төгрөг гээд нийт 31 сая төгрөг болсон. Нөгөө тал эдгээр зардлыг зөвшөөрсөн.
Хэрвээ хүүхдийн хөл мэдээ орохгүй бол хэзээ л бол хэзээ явахад бэлэн байх гэдэг утгаар нь нэхэмжилсэн. Ер нь эхлээд өөрөөсөө бүх мөнгөө гаргаж эмчилгээ, эд хөрөнгийн хохирлоо барагдуулсны дараа буруутнаас нэхэмжилж шүүхээр олгохыг шаарддаг тогтолцоо буруу санагдаад байгаа юм. Бид хүнээс мөнгө зээлнэ хүн нэг удаа зээлээд ахиж зээлэхгүй.
Бид хөдөлмөрийн чадвараа алдчихаад байхад хаанаасаа мөнгө олж өөрсдийгөө эмчлүүлэх үү. Мөнгө төгрөгийн боломжтой хүмүүс бол өөрсдөө эхэлж мөнгөө гаргаад дараа нь шүүхээр шийдвэрлүүлж буцаагаад мөнгөө авчхаж болдог л байх. Бидэнд бол хэцүү, хүнд тусч байгаа юм.
-Шүүхээс яг ямар шийдвэр гаргасан бэ?
-Бид гомдолгүй гэж үзсэний улмаас хоёр жилийн тэнсэн өгөөд 1.2 жилийн жолооны эрхийг нь хасах шийдвэр гаргасан. Харин захиалагч, зуучлагч хоёр компанийг ямар ч гэм буруугүй гэж тогтоосон. Улмаар манайхыг 11 сая төгрөг жолоочийн талаас илүү авсан байна гэж дүгнэсэн. Буруутай этгээдийг 11 сая төгрөгийн илүү төлөлттэй гэж үзсэн учраас цаашид гарах эрүүл мэндийн зардлыг нээлттэй үлдээж байна. Өнөөдөр бид эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилбэл илүү төлөлттэй 11 сая төгрөгөөс хасагдаад явах юм байна.
-Давж заалдах шатны шүүхэд хандах уу?
-Шүүхийн шийдвэр бичгээр гарсны дараа 14 хоногийн дотор давж заалдаж болно гэсэн. Орлогогүй.ажилгүй байхад яагаад 11 сая төгрөг хасаж байгаа юм бол гэдийг ойлгохгүй байгаа юм.
-Хүүхдүүдээ хамгийн сүүлд хэзээ эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэсэн бэ?
-Бүгд улсын эмнэлгийн хяналтад байгаа. Хоёр бага хүүг ойрхон хугацаанд тархины зураг авч болдоггүй гээд зургаан сарын дараа ирээрэй гэсэн. Одоо дахиад эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэх хугацаа нь болчихсон. Би хагалгаанд орсон ч гэсэн одоо хөл өвдөөд өвдөгний зураг авхуулахад 400 мянган төгрөг болж байгаа юм.
Тархины зураг авхуулах, толгойн зураг авхуулахад ч гэсэн доод тал нь 200 мянган төгрөг гээд бодохоор нэхэмжилсэн мөнгө хаанаа ч хүрэхгүй л байна. Том хүүгээ нэгдүгээр эмнэлэгт үзүүлж хөл нь мэдээ орох үгүйг мэдэхээр шинжилгээ хийлгэх гэж байгаа.
-Шүүхээс таныг нийгмийн даатгал төлдөггүй учраас хөдөлмөр эрхэлж байсныг чинь нотлохгүй гэж үзээд нэхэмжилсэн зургаан сая төгрөгийг түдгэлзүүлсэн гэсэн үг үү?
-Би ажилгүй байсан хугацаагаа эхний гурван сараар тооцоод зургаан сая төгрөг нэхэмжилсэн. Гэвч би осолд орсноос хойш зургаан cap ажилгүй, орлогогүй байсан. Үүнд өмнө нь ажиллаж байсан зургаа хавсаргаад, барилгын компаниасаа тодорхойлолт авсан. Хамгийн гол нь би нийгмийн даатгал төлдөггүй байсан юм. Барилга дээр мужаанаар ажилладаг. Нэг барилгын бригад үүсгээд туслан гүйцэтгэх гэрээ байгуулж ажилладаг. Ажлын үр дүнгээс хамаарч мөнгөө цаг тухайд нь аваад явчихдаг байсан юм.
Гэтэл намайг хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаан дахь нөхөн олговрыг өгөхийг шүүх түдгэлзүүлсэн. Баримт, нотолгоо муу гэсэн үндэслэлээр намайг хөдөлмөр эрхэлж байсныг нотлохгүй байна гэсэн. Ер нь хохирогч бол яг нэрэндээ таарчихсан хохироод л үлддэг юм биш үү. Бид ямар хэдэн зуун сая төгрөг нэхсэн биш. Нэг гэр бүлийн таван хүний эрүүл мэндийг хэдэн төгрөгөөр үнэлэх боломжтой гэж бодож байгааг нь ойлгохгүй байна.
-Жолооч бол буруугаа хүлээгээд, та бүхнээс уучлалт хүссэн үү?
-Шүүх хурлын өмнөх өдөр нь гэнэт буруутайгаа мэдэрсэн юм уу гэлтэй бидний нэхэмжилсэн мөнгийг төлөөд “Намайг шоронд битгий явуулаарай" гээд гуйгаад байсан. Өмнө нь бол холбоогүй, залгахаар утсаа авахгүй зугтааж байгаа юм шиг л байсан. Жолооч “Би яаж таван хуний амь насанд эрсдэл учруулахуйц гэмтээчхээд ямар нүүрээрээ утсаар ярих вэ. Би айгаад байсан юм" гэж хэлсэн. Бид за яахав хөгшин хүн юм байна. Миний аавтай бараг адилхан хүний мууг нь үзээд яах вэ дээ гэж хүн чанартай зан гаргасан.
Манай зүгээр байсан хадам аав хүртэл бидний эрүүл мэндийн нөхцөл байдал хүнд байгааг хараад тэсэхгүй бурхан болсон. Энэ мэтчилэн сэтгэл санааны хохирол, эмнэлэг, цагдаа, шүүхтэй холбоотой асуудлаар сүүлийн зургаан cap хөөцөлдөж явлаа. Одоо бол цуцаж байна. Гэхдээ сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар эмчилгээгээ хийлгэж нэг үеэ бодоход харьцангуй сайжирсан. Манай гэр бүлд тусалж, биднийг дэмжиж байсан хүмүүст баярлалаа.
-Таныг шүүхээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ойлгож болох уу?
-Жолоочтой тохиролцож нэхэмжилсэн мөнгөө авч, битүүмжилсэн машин тэргийг нь чөлөөлүүлэх хүсэлт өргөдөл бичиж өгөөд хоёр тал хоорондоо тохирчхоод байхад яагаад нэхэмжилсэн мөнгөнөөс хасаж, эргүүлээд бид 11 сая төгрөг өөрөөсөө гаргах болчихсоныг ойлгохгүй байна. Өдрийн 70 мянган төгрөгийн ажлаа хийгээд явж байсан бол өнөөдөр би гэр бүлээ тэжээгээд, өөрийн хэрэглээгээ хангаад амьдарчхаж чадна.
Гэтэл нийгмийн даатгал төлдөггүй бол гэмтэж, бэртэх, осолд орвол хамаагүй юм байна. Мөн гэрээ байгуулаагүй тээвэрлэлт хийж, түүнийг нь зуучилж егсөн компаниудад хариуцлага тооцох хэрэгтэй. Ядаж захиргааны хариуцлага хүлээлгэж, нийгэмд хүлээх үүргийг нь ухааруулах ёстой гэж бодож байна. Ахиад нэг гэр бүл, ахиад хэдэн хүн энэ асуудлаас болж аваар осолд битгий ороосой, хүний амь наснаас холуур байгаасай л гэж хүсэж байна.
-Шүүх хурлаас нэгэнт шийдвэр гарсан. Таны хувьд цаашид яах бодолтой байгаа вэ?
-Жолоочийн өмгөөлөгчтэй холбогдсон. Ямар ч байсан хоёр талаасаа уулзаж, шүүхийн тогтоол шийдвэрийн талаар ярилцах хүсэлт тавьсан. Тэгвэл цаашдаа эмчилгээнд гарах зардлыг өгдгөөрөө өгнө гэвэл ахиж давж заалдаад байх шаардлага алга. Хүүхдүүдийн хувьд тархины гэмтэл дараа нь илэрдэг нэг өдөр татаад уначих ч юм билүү. Тархины гэмтэл нь харвалт болж, саажилт болчихыг ч үгүйсгэхгүй гэж эмч нар хэлж байсан. Би хэлж мэдэхгүй.
Гэхдээ байнга мөнгө нэхээд байна гэж ойлгож болохгүй. Яг эмчилгээ хийлгэх шаардлагатай болбол түүнийг нь төлчих хэрэгтэй. Миний хувьд ч гэсэн хөлөө сойж гам сайн барих ёстой, гүйцэд хөлөө нугалж чадахгүй байгаа. Гэр бүлийн тогтмол орлого гэж их чухал. Гэтэл осолд орсны улмаас гэр бүлээ тэжээх орлогогүй болсон. Дээрээс нь хүүхдүүдийн эрүүл мэндийн байдал эргэлзээтэй болчихлоо. Ээжийнхээ тэтгэврийн зээлийг аваад дуусчихсан.
Одоо цагаан сараар ууц чанаж хэдэн төгрөг олдог юм билүү гэсэн бодолтой байна. Нөхцөл байдал ийм байхад яаж Солонгос явж эмчлүүлчхэв дээ. Нэг хүн осолд орсон бол арай өөр. Гэтэл бүгд эрүүл мэндээрээ хохирчхоод байгаадаа л гомдолтой байгаа юм. Одоо болтол отолд орсон шокноос гараагүй. Гурван сайхан хүү минь зүрх муутай, жаахан юмнаас л айдаг, айсандаа уйлдаг болсон. Энэ бүхнийг харж байгаа эхнэр минь бухимдаж, сэтгэл санаагаар унаад хэцүү байна.
Ийнхүү осолд орсон гэр бүлийн өрхийн тэргүүний нүдэнд нулимс цийлгэнэж, хоолойн зангирахад тэрээр малгай засангаа “Монгол хүн амны билгээр гэгчээр цаашдаа эрүүл байвал бусад нь болох биз дээ. Энэ хэрэг явдал санамсаргүй болсон болохоор заавал хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ бүгд болгоомжтой, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Мөн хариуцлагатай байхад илүүдэхгүй. Гэнэт л юу болсон юм гэгчээр манай гэр бүлийнхэн осолд орлоо.
Осол болсноос хойш зургаан cap нойр хоолгүй л эмнэлэг, цагдаа, шүүхээр явлаа. Эцэст нь энэ цаг хугацаанд хохирсон сэтгэл санаа, эрүүл мэндийг ямар ч мөнгөөр орлуулшгүй санагдсан. Хэчнээн мөнгө төгрөг, эд баялагтай байлаа гээд амар тайван байдал, эрүүл саруул амьдралыг худалдаж авч чадахгүй шүү дээ. Өнгөрсөн цаг хугацааг буцааж болохгүйтэй адил” гэж хэлээд доголж алхсаар буцсан юм.