ФОТО: “БУРИАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖУУД“ бизнес уулзалт боллоо
МҮХАҮТ, ОХУ-ын Буриад Улсын худалдааны төлөөлөгчийн газартай хамтран “Буриадын Хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт бизнес-уулзалтыг "Блью скай" зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Бүгд найрамдах Буриад улсын төрийн тэргүүн Алексей Цедыновын Монгол улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд зохион байгуулсан тус уулзалтад хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн сайд тэргүүтэй албаны болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцов.
Буриад улсын төрийн тэргүүн Алексей Цедынов уулзалтыг нээж хэлэхдээ, “Буриад улс ОХУ-ын Стартап, инновоцийн технологийн төв болох томоохон зорилго тавьсан. Манай хоёр улс хөрш зэргэлдээ оршдог бөгөөд байгаль орчин, хөдөө аж ахуй, тээвэр ложистик гээд олон салбарт хамтран ажиллах өргөн боломжтой. Өнөөдөр манай бизнесийнхэн томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулахаар хүрэлцэн ирсэн. Эдгээр төслүүд дээр харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэв.
Бизнес уулзалтын үеэр Буриад улсын зах зээл дээр үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулах сонирхолтой Монголын бизнес эрхлэгчдэд зориулан ОХУ-ын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах бичиг баримтууд, аюулгүй байдлын баталгааны талаар мэдээлэл өгч Монголын бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултад холбогдох албан тушаалтнууд нь хариулт өгч, санал солилцлоо.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|