Нефть импортлогчид ШӨХТГ-ын анхааруулгыг үл тоож байна
Монгол Улс Олон улсын валютын сангийн зөвлөмжийн дагуу энэ оны нэгдшүгээр сарын 1-нээс эхлэн шатахуунаас авах онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор нефть импортлогчид компаниуд түгээлтээ хязгаарлах, үнэ нэмэгдүүлэх зэрэг үйлдэл гаргаж, нийслэлд шатахууны хомсдол үүссэн. Шатахууны үнийг зохицуулах зөвлөл энэ сарын 11-ний өдөр хуралдаж, ажлын хэсэг гарган үнийг тогтвортой байлгах боломжийг судлахаар болж, ямар нэгэн шийдэлд хүрэх хүртэл хязгаарлалт хийх, үнэ нэмэх үйлдэл гаргахгүй байхыг ШӨХТГ-аас нефть бүтээгдэхүүн импортлогч компаниудад анхааруулсан юм. Салбарын сайд, дэд сайд нь ч шатахууны үнэ, хүртээмжид санаа зоволтгүй байж болно гэсэн мэдэгдлийг удаа дараа хийсэн. Гэвч үнэн хэрэгтээ нефть импортлогч компаниуд хязгаарлалт хийж, шатахууны үнэ зохицуулах зөвлөл, ШӨХТГ-аас гаргасан шийдвэрийг зөрчсөөр байна.
Шатахуун түгээх станцууд ажиллаж байгаа боловч зөвхөн талон, карт эзэмшигчдээ үйлчлэх зэргээр хязгаарлалт хийж байгаа юм.
Бид зарим шатахуун түгээх станцуудаар явж, байдал ямар байгааг сурвалжилсан юм. Ингэхэд дараах байдалтай байна.
“Петровис”
“Петровис”-ын аравдугаар хорооллын уулзварт байдаг салбар нано “Аи 92” шатахууныг 1730 төгрөгөөр борлуулж байв. Үүнээс өмнө тус компани нано Аи 92 шатахуунаа ердийн регуляр Аи 92 шатахуунтай ижил 1630 төгрөгөөр борлуулж байсан билээ.
М-Ойл
Гэмтэлийн шинэ эмнэлгийн хойд талд байрлах ШТС-аар орж байдал ямар байгааг сурвалжиллаа. Энд Аи 92 шатахуун 1630 төгрөг, “Аи 95” шатахууныг 1960 төгрөгөөр борлуулж байв. гэхдээ үнэ нэмэгдээгүй ч Аи92-ыг зөвхөн талон буюу бэлэн мөнгөөр өгнө, цахим картаар үйлчлэхгүй хэмээн хэрэглэгчдийг бухимдуулж байлаа. Мөн “Аи95” шатахууныг нэг хэрэглэгчид 20 000 төгрөгнөөс дээш худалдахгүй хэмээн хязгаарлалт хийсэн байлаа.
“Сод Монгол”
32-ын тойргийн наана, шинэ зам дээр байрлах “Сод Монгол”-ын ШТС зөвхөн өөрийн компанийн карт эзэмшигиддээ үйлчилнэ хэмээн хязгаарлалт тогтоожээ.
“Тэс петролеум”, “Магнай трейд”, “Шунхлай”
“Тэс” Петролеум компани зарим ШТС-аас 2017 оны арванхоёрдугаар сараас л хаагаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, бусдаасаа хамгийн түрүүнд хязгаарлалт хийх бодлого барьсан.
“Магнай трейд”, “Шунхлай”-н ШТС-ууд ажиллахгүй байгаа байдал ажиглагдаж байгаа нь хязгаарлалт хийж байгаа гэсэн үг юм.
ШӨХТГ-аас гаргасан анхааруулгад хэрвээ анхааруулгыг зөриж, хязгаарлалт хийх, үнэ нэмэх үйлдэл гаргавал тусгай зөвшөөрлийг нь хураах хүртэл арга хэмжээ авна гэж анхнааруулсан. Гэсэн ч бодит байдал дээр нефть импортлогч томоохон компаниуд бараг бүгд ШӨХТГ-ын анхааруулгыг үл тоож байна.
Эх сурвалж: eagle.mn
|