Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Сархдад самуурсан “ЦЭЦЭГС”

2018 оны 1 сарын 24

Арван жил сархадын амтанд донтож, золиосонд нь амьдрал, бүр үр хүүхдээ өгсөн гэж 30 настай А ярив. Нөхөр нь өөр хүнтэй суусан тул тэрбээр архинд орж, үр хүүхэд, гэр бүлийнхнээсээ нүүрээ буруулж, гэрлэлтээ цуцлуулжээ. Улмаар архины мөнгө олохын тулд хулгай хийж эхэлсэн гэдгээ тэрбээр нуусангүй. Тэгвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн архинаас гаргах эмчилгээ буюу өөртөө туслах бүлэгт зөвхөн өнгөрсөн жил гэхэд 120 гаруй хүн уг эмчилгээнд хамрагдсан байна. Үүний тал орчим хувь нь эмэгтэйчүүд гээд бод доо. Улсын хэмжээнд 2016 онд 187366 хүн саатуулах байранд саатуулагджээ. Үүнээс 4925 нь 25-45 насны эмэгтэйчүүд. Мөн Наркологийн эмнэлэгт 1992 хүн архинаас гаргах эмчилгээнд хамрагдсаны 339 нь эмэгтэйчүүд байжээ. 

Товчхондоо, архинд донтох эмэгтэйчүүдийн тоо жил ирэх тусам эрс нэмэгдэж буйг дээрх тоо баримт нотлон харуулж байна. Архины эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн дунд гурван сартай нялх хүүхэдтэй эх хүртэл байсан аж. Энгэрт нь ангир уураг эвлэж сүүний үнэр шингэсэн монгол бүсгүй сархадын гашуун амтанд дурлаж, амьдралаа алддаг цөвүүн цаг ирсэн үү. Сархад эрчүүдийг залгисан байтал хорвоогийн сайхан эмэгтэйчүүд автаж эхэллээ гэж хэлэхэд хилсдэхгүй нь. Аавууд архинд донтсон байна. Аавын араас шаналсан ээж архиар элгээ дэвтээж сууна.

Эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг бодвол маш хурдан архинд донтдог 

Гэтэл бас бяцхан охид самуурч байна. Энэ бол Монголын амьдралын төрх. Эмэгтэйчүүдийн архинд донтох өвчин нийгмийн байдлаас ихээхэн хамаардаг гэдгийг СЭМҮТ-ийн Донтох эмгэгийн клиникийн өдрийн эмчилгээний их эмч Б.Соёлмаа хэлэв. Тэрбээр эмэгтэйчүүд ядуурал, ажилгүйдлээс болж сэтгэлээр унаж, стрессээ тайлах гэж архи уудаг. Эхний үед найз нөхөдтэйгөө нийлж дарвиж, цалин буух, төрсөн өдрийг алгасахгүй тэмдэглэж баар, цэнгээний газарт ордог. Гэвч энэ нь донтох эмгэг рүү аажмаар хөтөлж, эцэс сүүлдээ архины хараат байдалд оруулдаг. Эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг бодвол биеийн онцлогоосоо шалтгаалж, маш хурдан архинд донтдог аж. Хүний биед этилийн спирт задалдаг фермент бий.

Гэвч эмэгтэй хүнд маш сул үйлчилдэг байна. Иймээс сэтгэл зүйн тогтворгүй байдал, ферментийн үйлчилгээнээс шалтгаалаад эмэгтэйчүүд 2-5 жилийн дотор архины хамааралтай болдог аж. Ингээд архинд донтсоноор ууртай, уцаартай болж, архи уухын тулд худлаа ярьж, хулгай хийн, залилах гэмт хэрэг үйлдэж, зан төрхийн эмгэгтэй болж, сэтгэцийн өөрчлөлттэй болдог байна.

АРХИНЫ ЭМЧИЛГЭЭ МОНГОЛ УЛСАД ДЭЛХИЙН ЖИШГЭЭС ХЯМД

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар ОХУ-д архинд донтсон эмэгтэйн тоо жил тутам 9000 орчмоор нэмэгдэж, 500 орчим гэр бүл салдаг аж. Тус улсад архины эмчилгээ багтраа, нойр булчирхайн үрэвсэл, чихрийн шижин зэрэг хүнд өвчнийхөөс үнэтэй тусдаг байна. Үүгээр ч зогсохгүй олон улсад нэг хүнд ногдох сархадын хэмжээ жилд таван литр орчим байдаг аж. Гэтэл Монгол Улсад нэг хүнд ногдох сархадын хэмжээ 11.7 литр бөгөөд архины эмчилгээ хамгийн хямд.

Эрх мэдэлтнүүдийн гаргасан шийдвэрээр архины хордлогод орсон хүн эмнэлэгт очоод 35 мянган төгрөг төлөөд л хордлогоо тайлуулаад эмчилгээ хийлгэж болдог. Тэр ч бүү хэл, гудамжинд согтоод унасан хүнийг хамгийн ойрхон дүүргийн харьяа эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийдэг. Хэдийгээр төр иргэнээ бүхий л талаар хамгаалах ёстой ч зарим нэг харалган шийдвэр нийгмийн бараан амьдралыг хөхиүлэн дэмжиж буйг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч М.Содгэрэл “1990- ээд оноос хойших эмэгтэйчүүд архины хамааралтай болох нь ихэссэн. Үүний улмаас үр хүүхэд нь үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна” гэдгийг хэлсэн юм.

ХЭВЛИЙДЭЭ ҮРЭЭ ТЭЭЧИХЭЭД ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР ХЭСЭЖ БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛТЭЙ

Арав гаруй жил БНСУ-д ажиллаж байгаад ирэхэд гэрийнх нь хаалга онгорхой, эхнэр нь орон дээрээ согтчихсон хэвтэж байсан тухай нэгэн залуу ярив. Архи ууж, хөлчүүрхсэн эхнэр нь том хүүтэйгээ өдөр шөнөгүй ноцолдож, хоёр гарыг нь хумсаараа юу ч үгүй сийчжээ. Харин бага хүү нь гэртээ байгаа ээжээсээ айхын эрхэнд гэртээ орж балга ус уучихаад өдөржин байрныхаа гадаа өнждөг байсан аж.

Ингэж явсаар том хүү нь гэрээсээ дайжиж, найз нөхдийндөө хоног төөрүүлж, хар бор ажил хийдэг болсон байна. Харин бага хүүгээ тэрбээр өөр дээрээ авч хамт амьдарч байгаа ч нэгэнт гадуур яваад сурчихсан хүүхдээ аргамжиж чадахгүй яваагаа хэлсэн юм. Ганц энэ жишээний цаана ийм амьдралтай олон гэр бүл байгаа нь эмгэнэлтэй. Хэзээнээс эрчүүдээсээ илүү эмэгтэйчүүд нь агсам согтуу тавьж, балчир үрсээ айлгаж, ичээдэг болчихов. Хэвлийдээ хүртэл үрээ тээчихээд цэнгээний газар хэсэж, айж, ичих нь битгий хэл олны дунд толгой цохиж байгаа нь харамсалтай.

Иймээс согтууруулах ундааны нэг удаагийн хэрэглээний үндэсний стандарт хэмжээг тогтоож, хуулийн хатуу бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Нэн даруй аргамжихгүй бол савнаасаа бусдыг дийлдэг сархад охид бүсгүйчүүдийг сэвтүүлэх нь. Хэн хүнгүй анхаарахгүй бол үр хүүхдүүд нь хүртэл эхийнхээ хэвлийгээс мэндлэхдээ архинд донтох эмгэгтэй төрөх аюул нүүрлээд байна.

Г. Оюунтөгс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
7
ouch an post
confuse an post
angry an post
1
52819
9 эможи
keyboard_arrow_up