Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хөнгөлөлттэй эм олгох ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ

2018 оны 1 сарын 25

Arslan.mn

-ИРГЭД ЭМ ХЭТ ЗАДГАЙ ХЭРЭГЛЭДЭГ УЧРААС ЖАГСААЛТЫГ НЬ ШИНЭЧИЛНЭ-

Иргэд сар бүр эрүүл мэндийн даатгалд хураамж төлдөг хэрнээ ямар ч тусламж хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй, улсын эмнэлэгт хэвтэх гэхээр дараалал нь дийлдэхгүй, эрүүл мэндийн даатгалыг ашиглаж өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах боломжгүй байдаг хэмээн бухимдах нь элбэг.

Энэхүү асуудлыг шийдэх замаар холбогдох яамнаас эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм олгох журам баталсан билээ. Гэвч сар бүрийн эхний арав хоногт хөнгөлөлттэй эм олгох сургаар дараалал үүсч, хүртээмж бага байна гэх шүүмжлэлд өртөөд байсан юм. Мөн эмийн сангуудад олгож буй санхүүжилт дууссан гэх шалтгаанаар эмчийн жороо барьж очсон иргэдийг буцаадаг байсан билээ.

Энэ асуудлыг шийдэхээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж, ахмадууд болон бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Үүний дагуу холбогдох албаныхан хэвлэлийн бага хурал хийн, мэдээлэл өгсөн билээ.

Албаныхан хэлэхдээ “Бүх эмийн санд шалгалт хийгдэж дууссаны дараа хөнгөлөлтийг хэзээнээс өдөр бүр олгож эхлэх талаар мэдэгдэнэ. Мөн 2018 онд хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг дахин шинэчилнэ” гэсэн юм.

 

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалаар эмийг өдөр бүр хөнгөлөлттэй үнээр олгох асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа аж. Иргэдийн хувьд эмийг өдөр бүр хөнгөлөлттэй олгоно хэмээн ташаа ойлгож, эмийн сангуудаас асуусаар байгаа юм. Хөнгөлөлттэй эм олгох ажлыг Эрүүл мэндийн нийгмийн даатгалын газар хариуцаж байгаа бөгөөд одоогоор эмийг хөнгөлөлттэй олгох бэлтгэл ажил хийгдэж байгаа талаар албаныхан мэдээлэв.

Даатгуулагч нь эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл даатгуулагч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500 төгрөгөөс 65 мянгын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой аж.

Даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг журамтай. Нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эм олгож байгаа нэрэн дор иргэд байнга эм хэрэглэх, хэт их эм худалдан авах, түүндээ хордох, жоргүйгээр болон эрүүл үедээ эм авч нөөцлөх зэрэг олон асуудал тулгарч байгааг тогтоосон байна.

Хөнгөлөлттэй үнээр эм олгохдоо олон нарийн судалгаан дээр үндэслэн ажлын хэсгийн дүгнэлтээр эмийг хэрхэн олгох, ямар ямар эм олгох вэ, эмийн жагсаалтад ямар эм оруулж, хасах вэ зэргийг шийдсэн хойно олгож эхлэхгүй бол иргэд хэт их задгай эмийн хэрэглээтэй болох аюултай аж.

Салбар яамнаас жил бүр хөнгөлөлттэй үнээр эм олгоход төсөв болон эмийн нэр төрлийг нэмсээр байгаа ч иргэд эмийг хэт задгай хэрэглэж байгаа гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Албаныхан эм хэт ихээр болон хэт урт хугацаанд, хэт олон нэр төрлөөр нэг дор хэрэглэх зэрэг нь эргээд хүний биед хортой, амь насанд хүртэл аюултай гэдгийг сургалтаар дамжуулан иргэдэд таниулах ажил эхлүүлэх шаардлагатай тулгарч байгаа аж. Мөн хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг нэмэх эсэхийг ажлын хэсэг байгуулан ажиллаж, тодорхой судалгаанд үндэслэн шийдвэрлэх юм байна.

Эх сурвалж: www.24tsag.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52871
1 эможи
keyboard_arrow_up