Т.Баярхүү: АТГ 2018 он гарсаар эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлсэн
Яг одоо АТГ-аас сар тутмын ээлжит хэвлэлийн бага хурлаа зарлаж, мэдээлэл хийж байна.
ШУУД:
АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү
"2017 оны нэгдүгээр сард авлигын эсрэг хууль тогтоомжийн эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгье.
АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн сарын хугацаанд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээлэл шалгасан. Эдгээрээс 32-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шийдвэрлэлт нь 83.7 хувтай байна. Харин албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зорчилтэй холбоотой 51 өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэсэн.
Хянан шийдвэрлэсэн өргөдөл гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж зөрчил гаргасан 6 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан, мөн хууль бус төлбөр хураамж тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох зэргээр зөрчлийг арилгуулсан байна.
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн явцын мэдээг танилцуулбал www.meduuleg.iaac.mn цахим системд өнөөдрийн байдлаар нийт 10,200 орчим мэдүүлэг гаргагч мэдүүлгээ мэдүүлж, баталгаажуулсан бөгөөд улсын хэмжээнд явц байдал 29.2 хувьтай байна.
АТГ 2018 он гарсаар эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн.
Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж Батсуурь, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан А Цолмон, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжав, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан хурандаа Б.Батсайхан, Баянгол дүүргийн татварын байцаагч А Энхтүвшин, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н Пүрэвдорж нарт холбогдох хэргүүдийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай харьяа прокурорын байгууллагад шилжүүлээд байна" гэлээ.