Дэлхийн Зөн ОУБ-аас хэрэгжүүлсэн “Өрхийн амьжиргааг сайжруулах, сүрьеэ өвчнийг бууруулах” төсөл амжилттай хэрэгжиж төгсөлтөө хийлээ
"Дэлхийн Зөн" ОУБ Монгол Улсад ядуурлыг бууруулах, өрхийн амьжиргааг сайжруулах чиглэлээр ажиллаж эхлээд 20 гаруй жил болж байгаа ба одоогоор Нийслэлийн 7 дүүрэг, 16 аймагт үйл ажиллагааг явуулж байна.
Энэ ажлын хүрээнд тус байгууллагаас Монгол Улсад ядуурал буурахгүй байгаа, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаад дүгнэлт хийж улмаар нэн ядуу амьдралтай өрх болон тэдний хүүхдүүдэд чиглүүлсэн богино хугацаанд ядуурлаас гарах, өрхийн амьжиргаа дээшлүүлэх боломжтой арга зүйг хайсны дүнд 36 сарын хугацаанд хэрэгжиж үр дүнгээ өгөх аргачлалыг 2014 оноос эхлэн судлаж манай орны нөхцөлд нутагшуулснаар өнгөрсөн хугацаанд 1000 гаруй өрх тус төсөл, хөтөлбөрт амжилттай хамрагджээ.
Үүний нэг болох Германы Засгийн газраас санхүүжилтээр хэрэгжсэн нь “Өрхийн амьжиргааг сайжруулах, сүрьеэгийн өвчлөлийг бууруулах” зорилгоор Нийслэлийн хамгийн олон хүн амтай тэр дундаа ядуурал ихтэй дүүрэг болох Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж 250 өрхийг хамруулсан төслийн төгсөлтийн арга хэмжээ боллоо.
Дээрхи төслийг хэрэгжүүлэхдээ сүрьеэ өвчнөөр өвдсөн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ингэснээр тэдний эрүүл мэндийн байдлыг сайжруулахад голлон анхаарчээ.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад сүрьеэ өвчний дэгдэлт ихэссэн ба жилд 400 орчим тохиолдол бүртгэгддэгээс ихэнх нь олон эмэнд дасалтай болдог байна. Ийнхүү тоо нэмэгдэж байгаагийн шалтгаан нь тус өвчнөөр өвчилсөн хүмүүсийн эмчилгээний зардал өндөр байдаг учир хэдий улсаас гаргадаг ч өвчтөн амьдралын нөхцлөөс шалтгаалж хоол тэжээлийн дутагдалд орох, дархлаагаа сэргээж чадахгүй байгаагаас үүдэж эдгэлт удаашран улмаар гадагш халдварлах байдал ихсэж, жилдээ нэг хүнээс 10-15 хүнд халдварлах эрсдэлтэй болдог байна.
Иргэд дээрхи төсөлд хамрагдаж санжүүжилт авсанаар авто засвар, дугуй засвар, хүчил төрөгчийн коктель зарах цэг ажиллуулах, оёдлын цех, арьсны цех, гуталчин, үсчин, оёдолчин, мужаан, гагнуур зэрэг 17 төрлийн бизнес эрхлэх нөхцөл бүрдэж шаардлагатай тоног, төхөөрөмжөөр бүрэн хангагджээ.
Хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс тэдний үйл ажиллагаанд тогтмол анхаарал хандуулан ажиллаж байгаа ба үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд өдөр тутмын тогтмол орлоготой байдаг бол үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийн хувьд худалдан авалт муугаас зарим тохиолдолд орлого муу байдаг учир онлайн худалдаа зохион байгуулах, олон төрлийн үзэсгэлэн худалдаанд оролцуулах тал дээр дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажилладаг байна.