ФОТО: “ГИНЖИЙГ ТАСАЛ“ гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
"Хөөрхөн зүрх" ТББ-аас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зорилтот ажлынхаа хүрээнд ЕБС-ийн ахлах анги, МСҮТ-д суралцагсадын дунд “Гинжийг тасал” гар зургийн уралдааныг өнгөрсөн сард зарлажээ.
Уралдаанд нийт 150 гаруй бүтээл ирснээс нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Т.Цэлмэг тэргүүн байр эзэлж, нэгдүгээр сургуулийн 12ё ангийн сурагч Б.Түвшинзаяа, 79 дүгээр сургуулийн 12г ангийн сурагч Б.Батхуяг, 59 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч С.Мичидмаа нар удаах байранд шалгарсан байна. НҮБ-ын Хүн амын сан, Щвейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр уг уралдааныг зохион явуулсан бөгөөд нийт оролцогчдын бүтээлийг дэлгэн харуулсан “Гинжийг тасал” үзэсгэлэн өнөөдөр "Blue Mon" төвд нээлтээ хийлээ.
“Хөөрхөн зүрх” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь, “Хүчирхийллээс урьдчилан сэргийлж таслан зогсоох нөлөөллийг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа олон нийтийн байгууллагууд, урлаг соёлынхон, эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд хийх ёстой. Хүчирхийлэл, хүний зан үйл, хандлагатай холбоотой мэдээллийг урлагаар дамжуулан өгвөл үр дүнтэй байдаг. Тиймээс бид энэхүү уралдааныг зарласан. Уралдаанд ирсэн бүтээлүүдийн агуулгыг харахад, хүүхдүүд хүчирхийллийг таслан зогсоогооч, биднийг хамгаалаач гэсэн утга агуулгатай олон санааг харуулсан байсан” гэлээ.
Үзэсгэлэн энэ сарын 7-11-нд "Blue Mon" төвийн нэг давхарт үнэ төлбөргүй олон нийтийн хүртээл болох юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|