МСНЭ-ийн даргад нэр дэвшигчид тодорч байна
Сэтгүүлчид хуралдаж байна. МСНЭ-ийг толгойлох дараагийн даргаа сонгохоор ярилцаж эхэллээ. Хор найруулж, хоржоон хутгаж яваа нь ч чихний чимэг болон сонсдох. Манай байгууллага тэдэн мандат авсан тэрний төлөө саналаа өгнө шүү, чи хэдэн хүнээ сайн удирдаарай гэх мэт үгс хурлын гадуур яригдах нь анхаарал татав.
Монголын сэтгүүлчид хуран чуулж, дарга удирдах байгууллагын гишүүдээ сонгох асуудал ийм л өндөрт тавигдаж, хорны хүүдий болжээ. Маш харамсалтай, бас эмгэнэлтэй гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь. Хуралд очсон, урилга заллагаа авсан нэр алдарт сэтгүүлчдийн дунд менежер, хүний нөөц, нарийн бичиг тэр ч байтугай хэвлэлд ямар ч харьяалалгүй хүн байх нь хачирхалтай. Бүр тоон дотор үсэг цохиж явна гэдэг л энэ байх. За нэг иймэрхүү хурлын дундаас нэр дэвшиж байгаа эрхмүүдийг танилцуулах нь зүйтэй биз.
Урьдчилсан байдлаар сэтгүүл зүйн хамгийн том байгууллагын даргын сэнтийн төлөө өрсөлдөхөөр нэр дэвшихээр тэмүүлж яваа эрхэм бол М.Наранбаатар. Түүнийг МАН-ыг талархан дэмжигч гэдгийг хэн хүнгүй мэднэ. Мөн багагүй бантан хутгаж, нэг хэсэг асуудалд орж явсан талаарх мэдээлэл ч бий. Дараагийнх ньӨдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч гэх гуншинтай Э.Долгион байна. Түүнийг ХХБ-наас түлхсэн хүү гэсэн яриа байгаа. Үүнээс харахад банк сэтгүүл зүйн салбарт юунд гар сунгана вэ гэсэн бодол ч төрөх. Магадгүй өөр нэгэн ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй. Удаах нь, “Зиндаа” сэтгүүл, болон нэгэн сайтын эрхлэгч гэгддэг Х.Мандахбаяр явна. Тэрбээр МАН-ыг хоёр гараа өргөн дэмжигч, үнэнч фэн нь гэхэд болно. М.Энхболдын хүн ч гэх нь бий. Үүн дээр нэмэгдэн АН-аас Ц.Оюундарь орж ирэх магадлалтай гэсэн таамаг явна.
Мөн өдөр тутмын сонинд олон жил ажилласан, өдгөө Niislel.mn сайтын эрхлэгчээр ажиллах сэтгүүлчБ.Түвшинтөгс нэрээ дэвшүүлжээ. Түүнийг салбараа нам эсвлийн гарт алдахгүйн тулд нэрээ дэвшүүлсэн гэх яриа бий. Гэхдээ мафижсан системээр хурлын мандатаа тарааж, бүлэглэлүүдийн тэмцэл дундаас гарна гэх найдвар тааруу.
Ямартай ч сонголт бол арвин юм. Тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг фракцууд хоорондоо тэмцэлдэж хэн нэг нь ялах уу. Эсвэл салбараа гэсэн сэтгэлтэй нэг нь мэргэжлийн удирдлагаар ханган үлдэх үү гэдгийг харж суух л үлдлээ.
Эх сурвалж: 24tsag.mn
|