Барилгачдад аа сар шинийн мэнд дэвшүүлье
Үе үеийн барилгачиддаа XVII жарны тийн унжлагат хэмээх нохой жилийн сар шинийн мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Эртнээс уламжлалтай, бэлгэ ерөөл дүүрэн, урин цагийн эхлэл үндэсний баяр Цагаан сартайгаа та бид учран золгож байна.
Харьж буй “тахиа” жил барилгын салбарын хувьд амжилт бүтээл дүүрэн өнгөрлөө. Тахиа жилд Засгийн газраас улс орны эдийн засгийг босгох олон ажил бүтээж амжуулсны нэг хэсэг нь манай салбарт хамаарсан гэдгийг онцлон дурдахад таатай байна. Барилгын салбарын хувьд зогсонги байдлаас гарах эхлэлээ тавина гэдэг том ажил. Том бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх бэлтгэлээ хангасан сайхан жил байсны гол гавъяа нь та бүхэнд хамаарах билээ.
Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгагдсан “Улаанбаатар хот болон томоохон хотуудыг дахин төлөвлөж, хөгжүүлэх бодлогын хүрээнд барилга байгууламжийг шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг цаашдаа барьж ажиллах гэж байна.
Манай байгууллага ч ирэх жилд баримтлах чигээ тодорхойллоо. Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга, байгууламжуудад хяналт тавьж ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна.
Энэ бүх газарт гагнагдсан барилгууд тэнгэрт тэмүүлэх тусам бидний ажлын хариуцлага, түүнийг дагасан гавьяа ч нэмэгддэг. Бидний энэхүү ажил үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилтнуудын дотроос Төрийн соёрхолт-7, Хөдөлмөрийн баатар 30, Гавьяат барилгачин 141 төрсөн байгаа нь барилын салбар Монгол Улсын хөгжлийн ууган салбарын нэг гэдгийг баталж байгаа юм.
Ирээдүйгээ хөтөлж байдаг ахмад үеийнхэн, өнөөдөр ажиллаж буй инженер техникийн ажилтнууд мэргэжилтэй ажилчид, Та бүхэндээ аз жаргал хүсч, санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэж, зорьсон хэрэг бүр тань саадгүй биелж төрлөөрөө түвшин амгалан элгээрээ энх амгалан аз жаргалтай сайн сайхан байх болтугай гэж ерөөе.
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ Ц.АМАРСАНАА