Чингис хааны онгоныг олсон гэх худал мэдээлэл цацжээ
Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид олон нийтийн сүлжээнд цацагдсан “Архелогичид Монголд Чингис хааны онгоныг оллоо” гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж үндэслэлгүй мэдээ болохыг олж тогтоосон байна.
Уг мэдээлэл нь 2014 оны 11 дүгээр сард Израйль улсын Тел Авив хотод төвтэй www.worldnewsdailyreport.com сайтад нийтлэгдсэнээс манай улсын нэгэн телевиз эх сурвалж авч мэдээ бэлтгэн 2015 онд үзэгчдэд хүргэж байжээ.
Тухайн телевизийн бэлтгэсэн “Чингис хааны онгоныг олжээ” мэдээг 2018 оны 02 дугаар сарын 14-нд “Цуурхал” гэх нэртэй фэйсбүүк хуудаст нийтэлсэн нь иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулжээ. Цагдаагийн алба хаагчид уг асуудлыг шалгахдаа гадны эх сурвалжууд болон түүх, архелогийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажилласан бөгөөд энэхүү мэдээлэл худал болохыг эрдэмтэн, судлаачид ч баталсан байна.
Иймд иргэд энэ мэтчилэн баталгаагүй, албаны эх сурвалжгүй худал, ташаа мэдээлэлд хууртахгүй байхыг зөвлөсөн байна.