Автомашины тань улсын дугаар 2, 7-гоор төгссөн бол амжиж татвараа төлөөрэй
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил явагдсаар байна. Хэрвээ таны эзэмшдэг автомашины улсын дугаар 2, 7-гийн тоогоор төгссөн бол татвар төлөх сүүлийн 7 хоног тул та амжиж татвараа төлөөрэй.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харъяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.
1, 6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
2, 7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
3, 8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
4, 9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
5, 0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой.
Нийслэлийн мэдээллийн технологийн газраас мэдээлснээр, хэрэв тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ заавал хавсаргах, эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой аж.