Автомашины татвар, төлбөрөө Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой
Тээврийн хэрэгслийн татвар хураалт эхэлсэнтэй холбогдуулан Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг иргэдэд илүү хялбар, хурдан, шуурхай хүргэх зорилгоор SmartCar.mn тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем, гар утасны аппликейшнээр дамжуулан онлайнаар төлөх боломжийг бүрдүүлсэн. Өнөөдөр SmartCar.mn тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системээр төлбөр төлөлтөнд банкны теллерийн систем нэвтрүүлэх, системд нэмэлт хөгжүүлэлт хийх асуудлаар нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Татварын Ерөнхий газар, Үндэсний дата төв УТҮГ болон Улаанбаатар хотын банкны холбогдох хүмүүс уулзалт хийлээ. Уулзалтаар Албан татвар, төлбөрийн нэхэмжлэхийг SmartCar.mn тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем, гар утасны аппликейшн ашиглаад банкны теллерийн системд холбогдон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, дүүргийн татвар хураах нэг цэгийн үйлчилгээний байранд байрлах Улаанбаатар хотын банкны салбараар төлөх боломжтой эсэх талаар санал солилцлоо. Банк теллерийн системд нэмэлт хөгжүүлэлт хийснээр тээврийн хэрэгсэл эзэмшигчид Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураамжыг онлайнаар болон банкнаас шууд төлөх боломжыг бүрдүүлэх юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.