Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

А.ДАВААСҮРЭН: Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын холбогдсон зөрчлийн 77.3 хувийг дотоод хяналтаар илрүүлсэн

2018 оны 2 сарын 26

Arslan.mn

Цагдаагийн алба хаагч авлигын хэрэгт холбогдсон асуудлыг илрүүлэн түүнийг албанаас нь халах арга хэмжээ авчээ. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэнтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа. 

-Цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэж байна вэ? 

Цагдаагийн ерөнхий газар цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, сахилга, ёс зүйн байдалтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэн, иргэнд тухай бүр хариу өгч, дотоод хяналт шалгалт, албаны сургалтын үйл ажиллагааг цагдаагийн алба хаагчдын сахилга, ёс зүйн байдлыг сайжруулахад чиглүүлэн ажиллаж байна. 
Өнгөрсөн онд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гарган, сахилгын шийтгэл оногдуулсан алба хаагчдад 10 удаагийн “Ёс зүйн төлбөртэй сургалт” зохион байгуулж, 359 алба хаагчийг сургалт, сэтгэл зүйн шинжилгээнд хамруулан, зөвлөмж өгсөн нь чамлалтгүй хэмжээний эерэг үр дүнг үзүүлж байгаа. 
Бид цагдаагийн байгууллага, алба хаагчдын сахилга, ёс зүйн зөрчил, дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох, ялангуяа үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэн ажиллаж буй бусад нэгж, байгууллага, алба хаагчдын нэр төр, алдар хүндийг хамгаалах, цагдаагийн байгууллага, иргэд хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор иргэдийн дэмжлэг, туслалцаанд түшиглэн ажиллахын зэрэгцээ дотоодын хяналт, шалгалтыг сайжруулахад анхаарсан. Ингэснээр нийт зөрчлийн 77.3 хувийг дотоодын хяналтаар илрүүлсэн. 

-Тэгэхээр бусдыг нь иргэний гомдол, мэдээллээр илрүүлсэн гэсэн үг үү. 2017 онд алба хаагчдын холбогдсон зөрчил дутагдал буурсан уу?

Үлдсэн хувийг буюу 22.7 хувийг иргэд, байгууллагын гомдол, мэдээллээр шалгаж, шийдвэрлэсэн. Энэ дашрамд хэлэхэд цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг зохих түвшинд хүргэхэд өөрсдийн анхаарлыг хандуулж, иргэний үүргээ биелүүлэн бидэнтэй хамтран ажилласан иргэддээ талархаж байна. Зарим тоо баримтаас дурьдвал, өнгөрсөн онд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаас 1268 зөрчилд 1277 алба хаагч холбогдсон нь өмнөх оноос сахилгын зөрчил 19, түүнд холбогдсон алба хаагчдын тоо 19.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

-Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч авилгын хэрэгт холбогдсон асуудалд ямар арга хэмжээ авсан бэ?

Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч “Э” нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний зөрчлийг илрүүлж, тээврийн хэрэгслийг түр саатуулсан боловч зөрчил гаргагчаас хахууль авч явуулсан. 
    Мөн хэлтсийн цагдаа-зохицуулагч “М” нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний зөрчлийг илрүүлсэн боловч зөрчлийг нуун дарагдуулж, зөрчил гаргагчаас мөнгө авч завшсан зэргээр цагдаагийн албан хаагчийн сахилга, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдлийг дотоод хяналтаар илрүүлэн шалгаж, тэдгээр алба хаагчийг цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж, шийдвэрлүүлсэн. 

-Цагдаагийн алба хаагчдыг авлигад өртөх эрсдэлтэй гэж ярьдаг. Ер нь алба хаагчдыг авилгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ? 
    
Цагдаагийн алба хаагчдыг авилгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Цагдаагийн байгууллагын авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөө”-г гарган хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд хуульд заасны дагуу алба хаагчдын хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг тогтоосон хугацаанд гаргуулан Авилгатай тэмцэх газарт хүргүүлэн, хяналт тавьж байна. 

Ер нь бол алба хаагчдын сахилга, ёс зүйг дээшлүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг нь хангах, дотоодын хяналтыг сайжруулж, эрсдэлийн удирдлагыг хөгжүүлэх чиглэлээр олон ажил, арга хэмжээнүүдийг төлөвлөж, Цагдаагийн ерөнхий газрын даргаар салбар төлөвлөгөөг батлуулан, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр сахилга, ёс зүйн зөрчил, түүнд холбогдсон алба хаагчдын тоог бууруулах, гарч буй зарим ноцтой зөрчил, дутагдлыг арилгуулж, засаж залруулахыг хичээж байна.      

-Цаашид сахилга, ёс зүй, зан харьцааны хувьд ноцтой зөрчил, дутагдал гаргасан алба хаагчидтай холбоотой асуудалд хэрхэн анхаарах вэ? 

Цагдаагийн алба хаагчдыг гэмт хэрэг, зөрчил үйлдэх, сахилга, ёс зүйн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиогдох албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлыг оновчтой болгох,  дотоод хяналт, шалгалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд анхаарч байна. 
Таны асуусанчлан ноцтой зөрчил гаргасан алба хаагчдад оногдуулах сахилгын шийтгэлийг чангатгах чиглэлийг баримтална. 
Иргэд, олон нийтийн зүгээс цагдаагийн байгууллага, алба хаагчдын хууль бус үйл ажиллагаа, сахилга, ёс зүйн зөрчлийн талаар Цагдаагийн ерөнхий газрын 126, Нийслэлийн цагдаагийн газрын Ёс журмын хэсгийн 70191212 дугаарын утсаар дуудлага, мэдээлэл өгөх боломжтой. 
Мөн Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болон харьяа алба, нэгжүүдэд хандан өргөдөл, гомдол, санал, хүсэлтээ гаргаж хамтран ажиллах нь цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой учраас бидэнд хандахыг хүсэж байна.


    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
54289
1 эможи
keyboard_arrow_up