Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Мянган малыг шүлхийгээс хамгаалахад 400 мянган төгрөг л хэрэгтэй

2018 оны 3 сарын 02

Arslan.mn

Малын гоц халдварт шүлхий өвчин Монголд бараг хавтгайрчихлаа. 14 хоногийн өмнө есөн аймгийн 15 суманд шүлхий бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан бол өчигдөр даруй 10 сумаар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, шүлхийн вирус  хурдацтай тархаж арав хоногийн хугацаанд 11 аймгийн 24 сумыг хамарлаа. Өөр нэг тоо баримт дурьдахад,  ердөө хоёр жилийн өмнө улсын хэмжээнд шүлхийн таван тохиолдол бүртгэгдэж байсан бол өнгөрсөн жил 62 болж  өсчээ. Энэ бол шүлхий  өвчин хяналтаас гарч, эдийн засагт онц чухал хэмжээнд нөлөөлөхөөр болсон гэсэн үг юм. Энэ онд шүлхий өвчнөөс үүдэж 3139 толгой мал устгасан байна.

Шүлхий өвчин Мон­голын эдийн засагт нөлөөлөх хэмжээнд хүрч, олон улсын өмнө хариуцлага нэхэгдэж буйг ч албаныхан тодотгож, зарим нэг мэдээллийг нууцалж буй. Ихэнх аймаг, сумдаар тархсан шүлхий өвчний улмаас хил гааль хаах, мах экспортлоход нөлөөлөх зэрэг эдийн засагт сө­рөг үр дагавар авчрах эрсдэлтэй юм. Түүнчлэн шүлхий өвчний гарал үүс­лийг нарийвчлан тогтоо­хоор цагдаа, тагнуулын байгууллага ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Эрдэнэ, Сайншанд, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Өмнөговь аймгийн Манлай, Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан, Наран, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалант, Дорнод аймгийн Чулуун­хороот сум зэрэг 11 аймгийн 24 суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

 

ШҮЛХИЙТЭЙ ТЭМЦЭХ МАЛЧНЫ ХАРИУЦЛАГА

Шүлхий юунаас болж гэрлийн хурдаар тархаж байна. Хэрхэн таслан зогсоох ёстой вэ гэх асуудал хамгийн чухал юм. Өөрөөр хэлбэл, шүлхийтэй тэмцэх, өвчнийг уг үндсээр нь устгахад вакцинаас өөр шийдэл одоохондоо алга. Бүр тодруулбал, Монгол Улс адуун сүргээс бусад бүх малаа бүрэн вакцинжуулж шүлхийг устгана гэдгийг шат шатандаа мэдэж байгаа. Гэвч тэр хэмжээний мөнгө төлж вакцин худалдаж аваад малчдад өгөх хөрөнгө Монгол Улсад алга. Хэрэндээ төсөв мөнгөө зохицуулж хэдэн мянган тун вакциныг ОХУ-аас оруулж ирээд тал бүр тийш тараасан. Тэгсэн ч нэн шаардлагатай гэх аймаг, сум руу хүргүүлээд үлдсэн хэсэгт нь хүрэлцээгүй гэдгийг эх сурвалж хэлэв.

Тиймээс шүлхийтэй тэмцэж улс орныхоо эдийн засгийг хэмнэж, мал аж ахуйн салбараа аварч үлдэхийн тулд нэн тэргүүнд малчдыг хариуцлагажуулах хэ­рэг­тэй гэдгийг алба­ныхан хэлж байна. Мөн улсын төсөвт дарамт учруулахгүйгээр малчид өөрсдийнхөө эд хөрөнгийг хамгаалж, малдаа шүлхийн вакцин хийлгэх шаардлагатай. Малчид төрөөс авдаг ноос, арьс ширнийхээ урамшууллын тодорхой хэсгийг суутгаад малдаа шүлхийн вакцин тариулах саналыг зарим малчид гаргаад эхэлжээ.

Шүлхий тархаж буй хамгийн түгээмэл хэлбэр нь малчдын хариуцлагагүй байдал гэнэ. Нэг газраас нөгөө газар руу дур зоргоороо оторлодог. Шүлхийтэй малаа эрүүл бүсийн нутаг дэвсгэр дайруулан туух тохиолдол элбэг байгаагаас шүлхий тархаж байгаа. Тэр хэрээр малчид  малаа устгалд оруулж эдийн засгаараа хохирч буй. Мөн иргэд хорио цээрийн дэглэм зөрчин хязгаарлалттай нутаг дэвсгэрт дур зоргоороо зорчих, хулгайн замаар тээвэр хийх зэргээр ямар ч хяналтгүй байгаа учраас шүлхий өвчний тохиолдол буурахгүй байгааг албаны хүн онцлов.

Уг нь Зөрчлийн тухай хуулиар шүлхийн хорио цээрийн дэглэмтэй бүсэд зорчсон иргэдийг 150 мянган төгрөгөөр торгох  заалттай ч хэрэгжих нөхцөл боломж тааруу байгаа гэнэ.

Түүнчлэн шинээр батлагдсан Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль ирэх зургадугаар сард хэрэгжиж эхлэнэ. Уг хуульд  хариуцлагын талаар “Энэ хуулийг зөрчсөн албан ту­шаалт­ны үйлдэл нь эрүү­гийн хариуцлага хүлээл­гэхээргүй бол Төрийн албаны тухай хуульд заа­сан хариуцлага хүлээлгэнэ.

36.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Гэсэн ч одоо хэрэгжиж бай­гаа Зөрчлийн хуульд санамсаргүй, болгоомж­гүй байдлаас болж шүл­хий “тараасан” малчдад хариуцлага тооцох нөхцөл тааруу. Одоогоор тийм тохиол­дол бүртгэгдээгүй бай­гааг Онцгой болон мэргэж­лийн хяналтынхан хэлж байна.

 

ШҮЛХИЙН ВАКЦИН ХИЙХЭД НЭГ БОГ 400, БОДОД 800 ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

Дээр дурьдсанчлан Монгол Улсын бүх малыг вакцинжуулж байж шүлхийтэй тэмцэнэ. Нэгэнт тэр их мөнгийг улсын төсвөөс гаргах боломжгүй учраас малчид малаа шүлхийгээс хамгаалвал ямар вэ. Ингэхийн тулд төрөөс авдаг төрөл бүрийн урамшуулал юм уу, малын хөлийн татварынхаа мөнгөнөөс малдаа шүлхийн вакцин тариулж болно. Бүр чадахгүй гэвэл вакцины мөнгөнөөс төрөөс тодорхой хувийг нь хөнгөлөх гарц бий.

Малчид шүлхийгээс малаа хамгаалахад хэдэн төгрөг зарцуулах талаар жаахан тоо бодьё.

Нэг бодыг нэг тун вакцин буюу 800 төгрөгөөр, богийг 0.5 тун вакцин буюу 400 төгрөгөөр вакцинжуулдаг юм байна. Хэдийгээр нэг малчин өрхийн бог, бодын тоо харьцангуй ч 1000 богтой айл 400 мянган төгрөг төлөөд малаа шүлхий өвчин тусах эрсдэлээс бүрэн хамгаалах боломжтой юм.

Харин 300 бодтой айл 2.4 сая төгрөг төлөөд эд хөрөнгөө хамгаална гэсэн үг. Хэдийгээр бага мөнгө биш ч 400 мянган төгрөг гэдэг 2-3 богийн өртөг. Харин нэг бодын үнэ хүрэхгүй гэсэн үг юм.

Монгол Улсын мал сүргийн тоо 66.2 саяд хүрсэн. Үүнээс гурван сая адууг хасвал дөрвөн сая үхэр, 434.1 мянган тэмээ,  30 сая хонь, 27 сая ямаа байгаа юм. Эндээс малчид тус тусынхаа малыг вакцинжуулаад эхлэвэл шүлхийтэй тэмцэх ажил үр дүнгээ өгч, дорвитой урагшлах нөхцөл үүснэ.

 

ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ 4-10 ДУГААР САРЫН ХООРОНД ХИЙНЭ

Он гарсаар нийт 404 өрхийн 4468 толгой мал шүлхий өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж, 3268 толгой малыг зориудын устгалд хамруулжээ.

Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 29 тоот тогтоолын дагуу ОХУ-ын Холбооны мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төвтэй хоёр сая тун шүлхийн вакцин шууд худалдан авах гэрээ байгуулсан байна. ОХУ-аас энэ жил 7.1 сая тун вакциныг арилжааны шугамаар авахаас эхний ээлжийн 500 мянган тунг  өнгөрсөн сарын 25-ны өдөр хүлээн авч, зориулалтын тээврийн хэрэгслээр яаралтай вакцин шаардлагатай байгаа Булган, Орхон, Хэнтий Дундговь, Өмнөговь, Төв, Дорно­говь аймгуудад хүргүүл­жээ. Үлдэгдэл вакциныг дөрөвдүгээр сарын 20-ны дотор хүлээн авч шаардлагатай газруудад нь хуваарилах юм байна.

Энэ жилээс эхлэн өвлийн хүйтэнд вакцин тарьдаг байдлыг зогсоож цаашдаа мал эмнэлгийн халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, тарилгын ажлыг 4-10-р сарын хугацаанд бүрэн хийж дуусгахаар ХХААХҮЯ-наас ажлын төлөвлөгөө гарган мэргэжлийн байгууллагад чиглэл өгөн ажиллаж байгаа аж.  Мал, амьтны гоц халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан төв зам дагуу нийслэлийн Баянзүрх, Яармаг, 22-ын шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дөрөв­дүгээр зөрлөг, орон ну­тагт Төв аймаг Дов тол­гой, Баянхонгор айм­гийн Байдрагийн гүүр, Завханы  Тэлмэн­гийн даваа, Сэлэнгийн  Баруунбүрэн, ДарханУул аймгийн Хонгор суманд тус тус тавдугаар сарын 1 хүр­тэл ариутгал халдвар­гүйт­­­гэлийн цэгүүдийг ажил­луулж эхэлсэн байна.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54442
0 эможи
keyboard_arrow_up