ФОТО: “Хаврын бүргэдийн баяр“-т 20 бүргэдчин оролцож байна
Монгол Улсын үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилго бүхий "Хаврын бүргэдийн баяр-2018" арга хэмжээ энэ сарын 4-нд "Чингисийн хааны хүрээ" жуулчны баазад эхэллээ.
Энэ жилийн хувьд 20 анчин бүргэдийн баярт оролцож байгаа аж. Бүргэдчин Р.Нургайв, Б.Далайхан зэрэг 1999 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Бүргэдийн баяр”-т тогтмол оролцож, Монгол түмний дунд хэдийнээ танил болсон эрхмүүдээр манлайлуулсан энэхүү жагсаалд гурван эмэгтэй бүргэдчин багтсаны нэг нь дэлхий дахинаа “Бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан байв. Н.Айшолпан охиныг “Бүргэдийн баяр-2014”-т түрүүлсэн цагаас хойш бүргэдээр ан хийх сонирхолтой эмэгтэйчүүд нэмэгдэж байгаа бөгөөд Баян-Өлгий аймгийн 400 бүргэдчиний 11 нь эмэгтэй аж.
Баярын нээлтийн үеэр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, "Баян-Өлгийчүүд Бүргэдийн баярыг 1999 оноос аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ арга хэмжээ өргөжин тэлсээр өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж сонирхдог томоохон баяр болсон байна. Казахын ард түмний энэхүү нандин уламжлалыг Монгол Улсын төр засаг дэмжиж, 2010 онд ЮНЕСКО-д дэлхийн соёлын биет бус өвөөр бүртгүүлсэн юм. Мөн 2016 онд БОАЖЯ-наас аялал жуулчлалын шилдэг арга хэмжээгээр шалгарууллаа. Тус баяр нь Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, түүнийг даган үйлчилгээ, гар урлал, бэлэг дурсгал, хатгамал зэрэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого нэмэгдэж байгаа" хэмээв.
Жагсаалын дараа Бүргэдийн баяр “Бүргэдээр ан хийх”, “Көкпар буюу тулам булаалдах” тэмцээнээр эхэлсэн юм.