Хулгайд алдсан ГАР УТСАА хурдан олох боломжтой болно
Нийслэлийн Цагдаагийн Газраас халаасны хулгай тэр дундаа гар утасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гар утас худалдаалдаг "Теди", "Монтел" төвийн удирдлага, лангуу түрээслэгч нартай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Харилцаа холбооны зохицуулах газар, үүрэн телефоны операторууд, цагдаагийн байгууллага хамтраад Smartdevice.mn сайтыг нээн ажиллуулахаар бэлдэж байгаа юм байна. Ингэснээр иргэд гар утасныхаа IMEI код, утасны дугаараа бүртгүүлснээр хулгайд алдсан гар утсаа хурдан шуурхай олох боломжтой болох юм.
Иргэд өөрсдөө ухаалаг гар утасны IMEI код буюу дахин давтагдашгүй дугаарыг нэр дээрээ хадгалах зорилготой бүртгэлийн системийг ХХЗХ, ХЗЯ, ХХМТГ хамтран бий болгож, үүрэн телефоны дөрвөн оператор дэмжин ажиллахаа илэрхийлжээ.
"Иргэн та гар утасныхаа IMEI код, гар утасны дугаарыг өөрийн нэр дээр бүртгүүлнэ. Ингээд гар утсаа хулгайд алдсан тохиолдолд "алдагдсан" төлөвт шилжүүлэх юм. Хулгайч тухайн утсанд сим карт хийсэн тохиолдолд үүрэн холбооны операторт мэдээлэл очиж, оператор хэрэглэгчийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. Таны нэр дээр бүртгэл бүхий гар утсыг өөр хүн ашиглах боломжгүй гэсэн үг юм байна."