Сониуч аппликэйшн хэрэглэвэл нууц үгээ алдах эрсдэлтэй
Сүүлийн үед цахим орчинд иргэдийн мөнгийг залилах тохиолдол ихэсчээ. 2018 он гарсаар Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 50 орчим хэрэг бүртгэгдэж, шалгаж байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан цахим гэмт хэрэгт өртөхгүй байх, энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн, ахлах дэслэгч М.МӨНХШҮРТЭЙ ярилцлаа.
-Фэйсбүүкт иргэд сонжоот хэлбэрийн аппликэйшнийг лайк хийж, түгээхэд нууц үгээ алдах эрсдэл тулгарч байна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Сүүлийн үед цахим орчинд “Та хэд наслах вэ”, “Хэзээ гэрлэх вэ”, “Хэдэн хүүхэдтэй болох вэ” зэрэг иргэдийн сонирхол татсан аппликэйшн их явах болсон. Энэ төрлийн сонжоот хэлбэрийн аппликэйшн дээр лайк дарах, түгээх юмуу дагах ямар нэгэн үйлдэл хийсэн тохиолдолд фэйсбүүкийнхээ кодыг алдах, хакердуулах нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс энэ төрлийн сониуч аппликэйшн ашиглахгүй байх хэрэгтэй.
-Бусдын фэйсбүүк ашиглан гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байгаа гэсэн. Хэргийн талаар тодруулна уу?
-Фэйсбүүк хэрэглэгчдийн хаягийг нь олзолж, тэдгээрийн найз нөхөд, гэр бүл, дотнын хүмүүс рүү нь мөнгө гуйх, мөнгө өгөхийг шаардах зэрэг үйлдлийг хийдэг гэсэн мэдээллийн дагуу өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 10 этгээдийг хэрэгт холбогдуулж шалгаж байна. Хэргийг үйлдсэн Ш, Т, Н, Д, Э нар нь 2017 оны дөрөвдүгээр сараас хойш нийт 40 орчим удаагийн цахим халдлага үйлдэж, бусдад маш их хэмжээний мөнгөн хохирол учруулсан. Энэ нь сэжигтнүүдийн болон гэрчийн мэдүүлэг, хураан авсан гар утас, зөөврийн компьютерийн өөрсдийн ашиглаж байсан фэйсбүүк хаягт нь үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. Тэд 9911, 9910, 9909, 8811, 9191 зэрэг үүрэн холбооны дугаар эзэмшдэг иргэдийн фэйсбүүк хаягийг нь олж, нэвтрэх нэр, нууц үгийг утасны дугаараар нь тааруулж ороод чатыг нь уншиж судалсны дараа мөнгө зээлэх, гуйх зэргээр гэмт хэргээ үйлддэг гэдгийг урьдчилсан байдлаар тогоогоод байна.
-Энэ гэмт хэрэгт хуулийн ямар хариуцлага хүлээлгэх зүйл заалттай вэ?
- Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцно. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 26.1.2 болон 17.3 дахь зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлд зааснаар цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-Иргэд энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ?
-Иргэд өөрсдийн цахим хуудас тэр дундаа фэйсбүүк хаягийнхаа нууц үгээ энгийн байдлаар хийхгүй байх хэрэгтэй. Ажлын компюьтер болон гар утсан дээрээ фэйсбүүкээ нээлттэй орхихгүй байх, цахим хуудсаа ашиглаж дуусны дараа хааж байх хэрэгтэй. Мөн ойр дотнын хүнээс чинь мөнгө гуйх зэргээр чат ирвэл сонор сэрэмжтэй байж тухайн хүний гар утсаар асууж шалгаж байх хэрэгтэй. Фэйсбүүкийн нууц үгээ ойр ойрхон сольж байх ёстой. Сард нэг удаа заавал солих хэрэгтэй. Түүнчлэн нууц үгээ бусдад алдахаас сэрэмжилж, ямар нэгэн төхөөрөмж ашиглаад бүрэн гарсан эсэхийг дахин шалгах, өөрийн нууц үгэнд үсэг тоо оруулах, нууц үгээ найдвартай эсэхийг шалгах, passwordmetter.com how secure is my password.net гэсэн хаягаар нягталж шалгах ёстой.
Дашрамд дуулгахад, сүүлийн үед фейсбүүк, зарын сайтуудаар “Их хэмжээний мөнгийг бага хүүтэй зээлүүлнэ” гэсэн хуурамч зар ихээр явах болсон бөгөөд ихэвчлэн хуурамч хаяг үүсгэн өөрийгөө банк санхүүгийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг гэх мэтээр хууран мэхэлж зээлийн бичиг баримт, орчуулгын төлбөр, хураамж зэргээр мөнгө шилжүүлэхийг шаардаж залилангийн гэмт хэрэг үйлдэж байна. Гэмт этгээдүүд хохирогчдын итгэлийг олохын тулд google.translate ашиглан монголоор бичих, монгол хүний нэр зураг ашиглан хуурамч фейсбүүк хаяг нээн “Зээл өгсөнд баярлалаа” гэх мэт худал мэдээлэл тараах, хуурамч бичиг баримт зураг янзалж өөрчлөн явуулах зэрэг олон арга ашиглаж байна. Тиймээс иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ