Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Л.Жаргалсайхан: Хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх боломжтой

2018 оны 3 сарын 06

Arslan.mn

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхантай хог хаягдлыг дахин боловсруулах талаар ярилцлаа.

-Манай улс хог хаягдлаа ямар арга технологиор устгадаг вэ?

-Хог хаягдлын тухай хууль шинэчлэн батлагдсан. Энэ хууль нь хог хаягдлыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, сэргээх замаар эцсийн хаягдлын хэмжээг бууруулахад чиглэгдсэн хууль юм. Манай улсад жилд хоёр сая гаруй тонн хог хаягдал гарч байгаагийн сая гаруй тонн нь нийслэл хотоос гардаг. Харин устгаж байгаа нь дэлхийн хэмжээнд хамгийн муу гэж үздэг аргаар нь устгадаг. Улсын хэмжээнд 371 хог хаягдлын төвлөрсөн цэг байдаг. 

Нарангийн энгэрийн хогийн цэгээс бусад нь шаардлага хангахгүй, хогийг хөрсөн дээр шууд хаядаг. Аюултай хог хаягдал, энгийн хог хаягдал хоёрыг тус тусад нь өөр технологиор устгадаг. Харин манайд бүгдийг нь холиод хаана ч хамаагүй хаядаг. Тэгэхээр одоогийн байдлаар манай улсын хог хаягдлын устгал хамгийн mvv түвшинд байна гэсэн үг.

-Манай улсад хог хаягдлын менежмент гэж зүйл бий юу?

-Хогны асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Ангилж ялгалаа гэхэд, ялгасан хогийг нь хүлээж авах газар байхгүй бол ямар ч ашиггүй. Тэгэхээр ангилсан хог хаягдлыг худалдан авдаг системтэй болох хэрэгтэй. Түүнийгээ байгаль орчинд ээлтэй аргаар дахин боловсруулж, эсвэл устгадаг газар бий болгох нь зүйтэй.

Жишээ нь, шил, хуванцар, цахилгаан бараа гэх мэтээр нь ангилаад худалдаж авдаг газар нь байвал иргэд хог болгож хаяхгүй, хэдэн төгрөгөөр солиод л авна. Тиймээс хогийг баялаг гэж үзэн. эдийн засгийн эргэлтэд оруулах нь хамгийн чухал.

Тэрний тулд бид хогийг дахин боловсруулдаг, устгадаг газруудыг бий болгох хэрэгтэй. Төр засгаас татварыг бодлогоор шийдэх ёстой. Байгалийн цэвэр түүхий эд ашиглаад бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хог хаягдлыг боловсруулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь маш том ялгаатай. Хоёр өөр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст ижил хэмжээний татвар ногдуулах юм бол хэн ч хог хаягдал боловсруулахыг хүсэхгүй. Төр засгаас дэмжээд, нэг л хөл дээр нь босгочих юм бол зах зээлийнхээ жамаар ашиг орлогоо олоод явна.

-Эрдэмтдийн хувьд технологийн шийдлийн талаар хэр судалгаа хийдэг вэ?

- Менежментийн хамгийн гол зүйл нь хоггүй технологи бий болгох юм. Ямарваа нэгэн түүхий эдийг боловсруулаад, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хог үүсгэхгүй байх гэсэн үг. Үүний талаар хүрээлэн, судлаач нар судалгаа хийж байна. Манай химийн хүрээлэнд малын гаралтай дайвар, ашигладаггүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар судалдаг. Жишээ нь, малын шилийг боловсруулаад маш их коллаген, уурагт бүтээгдэхүүн, нойр булчирхайг боловсруулж үнэтэй фермент гарган авах, гэх мэт.

Судлаад, технологийг нь боловсруулаад нутагшуулах зүйлүүд маш их байгаа. Жишээ нь, цахим цахилгаан хэрэгслийн хог хаягдлыг зөв ашиглах. Гар утасны 26 хувь нь үнэт металл байдаг.Үүнийг дахин боловсруулж ямар нэг зүйл хийдэг болбол маш их баялаг болно. Дэлхий нийтэд хог хаягдлын менежментийг хотын уурхай гэдэг. Байгалийн баялгийг ухахгүйгээр маш их хэмжээний баялгийг буцааж авах боломжтой. Энэ зарчмыг манай улс баримталж, дэлхийн сайн технологиудыг нутагшуулах нь чухал.

-БНХАУ-ын компаниас хог хаягдлаар цахилгаан станц барих талаар санал танилцууллаа. Энэ талаар?

- “ СNТҮ ” компани нь дэлхийд хэрэглэгддэг эрчим хүч гаргах технологийг танилцууллаа. Дахин боловсруулах боломжгүй шатамхай хог хаягдлыг сэргээн ашиглах боломж-той. Энэ нь хогийг шатаагаад эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн үг. Хэрэв ингэж чадвал асар их хэмжээний нефт, нүүрс хэмнэнэ. Улаанбаатар хотоос жилд нэг сая тонн хог үүсдэг. 

Үүний бараг 50 хувь нь өвөл шатаж үнс болдог. Өдөрт 100-500 тонн хогийг тасралтгүй 365 хоног шатаалаа гэж бодоход нэг сая тонн хогийн 180 тонныг нь эрчим хүч болгоно гэж тооцсон байна. Энэ нь манай улсад боломжийн хүчин чадал юм.

-Буруу устгавал ямар нөлөө үзүүлэх вэ? 

-Хогийг буруу технологиор боловсруулбал бидний нүдэнд харагдаж байгаагаасаа илүү аюултай. Хогийг газар булахад цагийн аясаар ялзраад устана. Харин түүнийг шатаах ч юм уу буруу аргаар устгавал хэдэн мянга дахин хор хөнөөлтэй. Хог хаягдлын шаталтаас болж гений өөрчлөлт үүсгэдэг, дархлаа бууруулж, хорт хавдар үүсгэх хортой бодис ялгардаг. Тиймээс устгахдаа анхнаасаа хууль эрх зүйн орчинг зөв бүрдүүлж, үйлдвэрүүдээ зөв шаардлага тавихгүй бол аюултай.

Манай улс агаарын бохирдлын асуудлыг ихээр ярьж байна. Хог шатаахад түүхий нүүрс түлснээс хавьгүй их хорт бодис ялгардаг. Өвлийн улиралд гэр хорооллын үнснээс өөр ямар ч хог гардаггүй гэсэн судалгаа гарсан. Иргэд шатаж болох бүх зүйлийг зуухандаа хийж шатааж, эсвэл хогон дээрээ халуун үнсээ хийнэ, эсвэл хогийн цэг дээр халуун үнсээ асгадаг. Энэ бүх нөхцөлд шаталт явж, нүүрснээсээ илүү хортой бодисыг ялгаруулж байдаг. Тиймээс бид хогоо шатаахаа больсон байхад агаарын бохирдлыг зохих хэмжээгээр багасгаж байна гэсэн үг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54558
0 эможи
keyboard_arrow_up