Хөнгөн согтолтын үед осолд орох магадлал эрүүл жолоочоос 7 ДАХИН ИХ байдаг
Манай улс нь нийт 1,566.6 мянган км2 хавтгай дөрвөлжин газар нутагтай, 49,250 км урт замын сүлжээ, үүнээс хатуу хучилттай 5,684.6 км авто замтай, нийт 3 сая 119.0 мянган хүн амтай, бүртгэлтэй 900 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэй, жолоодох эрхийн үнэмлэхтэй 1 сая 153 мянга гаруй жолооч байдаг.
Жил бүр улсын хэмжээнд 30 мянга гаруй зам тээврийн осол, гэмт хэрэг бүртгэгдэж, ослын улмаас 500 орчим хүн нас барж, 1,100 орчим хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 10 орчим тэрбум төгрөгийн хохирол учирч байна.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН НАСЖИЛТ
2017 оны байдлаар Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн ашиглалтын /насжилт/ байдлаар үзвэл 0-3 жил ашиглагдаж буй автомашин 28,722 буюу 3.5 хувийг 4-6 жил болсон автомашин 67,650 буюу 8.3 хувийг, 7-9 жил 98,002 буюу 12 хувийг, 10 ба түүнээс дээш жил ашиглагдаж буй автомашины тоо 620,635 буюу 76.2 хувийг эзэлж байна. Ашиглалтын хугацаагаар гаргасан үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулан авч үзвэл 10 ба түүнээс дээш жил ашиглаж буй тээврийн хэрэгсэл 2 хувиар өсчээ.
ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ
Мөн тухайн онд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1,525 бүртгэгдэж, ослын улмаас 507 хүний амь нас хохирч, 1,135 хүн хүнд, хүндэвтэр гэмтэж бэртсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гарсан гэмт хэрэг 14.5 хувиар, гэмтсэн хүний тоо 9 хувиар тус тус буурсан бол амь нас нь хохирсон хүний тоо 5.8 хувиар өссөн байна.
Гэмт хэргийн улмаас амь нас нь хохирсон хүний 318 буюу 81.1 хувь нь орон нутагт, 74 буюу 18.9 хувь нь нийслэлд байгаа бол гэмтсэн хүний 556 буюу 48.9 хувь нь нийслэлд, 579 буюу 51 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Түүнчлэн зам тээврийн ослын улмаас нас барсан 507 хүний 39.4 хувь нь 35-54 насны хүмүүс байхад гэмтсэн 4,712 хүний 34.1 хувийг 18-34 насны хүн эзэлсэн байна. Хохирогчдын хүйсийн харьцааг авч үзвэл амь насаа алдсан хүний 72.4 хувь, гэмтэгсдийн 54.9 хувийг эрэгтэй хүмүүс эзэлжээ.
СОГТУУ ЖОЛООЧ
Улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс зам тээврийн 793 осол үйлдэгдсэн бөгөөд нийт ослын 2.2 хувийг эзэлж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалсан зам тээврийн ослоос гадна явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож амь насаа алдаж, бэртэж гэмтсэн тохиолдол 284 бүртгэгджээ.
Ослын үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодсон ослын гаралт 3.9 хувиар буурсан байна.
Улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 96 хүний амь нас хохирч, 155 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртэн, иргэн аж ахуйн нэгж байгууллагад 413.4 сая төгрөгийн хохирол учирч, 80.1 хувийг нөхөн төлүүлсэн байна. Энэ нь Монгол Улсад 1 цаг тутамд 2-3 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж байна гэсэн үг юм.
Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч нар согтуугаар замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол, хэрэгт холбогдон эрүүл мэнд, амь насаараа хохирох нь дийлэнх хувийг эзлэж байна. Тухайлбал: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос үйлдэгдсэн ослын улмаас хохирсон хүний 36 нь 0-17 насны, 18-30 насны 65 хүн, 31-35 насны 83 хүн, 36-аас дээш насны 67 хүн, 101 нь эмэгтэй, 150 нь эрэгтэй хүмүүс өртсөн байна.
Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-35 насны идэвхитэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 59.7 хувийг дээрх насны эрэгтэйчүүд эзэлж байна.
Мөн согтуугаар үйлдэгдсэн осол хөдөө орон нутагт Ховд, Завхан, Өвөрхангай, Дорноговь, Дорнод зэрэг аймгуудад өндөр хувьтай бүртгэгдсэн бол нийслэл хотод Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд дийлэнх хувийг эзэлжээ.
2017 оны байдлаар улсын хэмжээнд алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон 30,532 зөрчлийг илрүүлж, гарч болзошгүй хор уршгаас сэргийлсэн байна.
Жолоочийн цусны найрлаганд байгаа спиртын хэмжээнээс хамаарч согтуурлын зэргийг ХӨНГӨН, ДУНД, ХҮНД гэж ангилдаг.
Цусан дахь спиртийн агууламж ба согтуурлын зэргийг хүснэгтээр харуулвал:
1 литр цусан дахь спиртийн хэмжээ |
Согтуурлын зэрэг |
Биед үзүүлэх нөлөө |
1-1.9 промиль |
Хөнгөн зэрэг |
Сэтгэл санааны тогтворгүйжилт, баримжаалах чадвар алдагдана, зарим тохиолдолд нойр гэнэт хүрнэ, рефлекс доройтно |
2-4.5 промиль |
Дунд зэрэг |
Спиртийн хордлого илэрнэ, мэдрэх чадвар огцом буурч, амь насанд аюул учирч болзошгүй |
4.5-5 промиль |
Хүнд зэрэг |
Ихэнх тохиолдолд үхэлд хүргэдэг аюултай |
СОГТУУРЛЫГ ШАЛГАХ АРГА, ХЭРЭГСЭЛ
Манай улсын хувьд “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-д зааснаар тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж ашиглаж хувь хэмжээг тодорхойлно.
Alcoscan буюу согтуурлыг тогтоох багаж нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн, Европын стандартын гэрчилгээтэй багаж бөгөөд тухайн тандагч багаж нь жолоочийн амьсгал дахь агууламжид согтууруулах ундааны орц байгаа эсэхийг 2-3 секундын дотор улаан, ногоон гэрлээр үзүүлдэг.
Тээврийн хэрэгслийн жолоочийг тандагч багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй мэдээлэл гарсан тохиолдолд Стандартчилалын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж Драгер буюу “Согтуурал шалгах багаж” ашиглан тогтооно.
Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.05 млг/дицлитр илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЖОЛООЧИД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ
“За ганц л хундага уусан юм чинь гайгүй биз” гээд машинаа унаад гардаг таньд архи хэрхэн нөлөөлдөгийг доорх хүснэгтээр тайлбарлая.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар мууддаг.
- 5 грамм буюу нэг цайны халбага орчим архи: Жолоочийн баримжаалах чадварыг 30 орчим хувиар бууруулдаг.
- 25 грамм архи: Жолоочид сэтгэл хөөрлийг бий болгодог.
- 75 грамм архи: Жолоочийн самбаачлах хугацааг 3 дахин багасгадаг.
- 140 грамм архи: Жолоочийн самбаачлах хугацааг 5 дахин багасгадаг.
- 160 граммаас дээш архи: Жолоочийн самбаачлах хугацааг 9 дахин багасгадаг.
Согтуурлын зэрэг нь тухайн хүний эрүүл мэнд, ядаргаа, сэтгэл санаа, дасан зохицох байдал, хоол унд хэрэглэсэн байдал зэргээс шалтгаална. Гадна орчинтой харьцах жолоочийн чадварт архины нөлөө их гэдгийг энэхүү үзүүлэлт харуулж байна.
Шинэ, залуу жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргах магадлал нь 30 ба түүнээс дээш насныхаас 5 дахин их байдаг байна. Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол нь хор уршиг ихтэй, хохирлын эрсдэл өндөртэй байдаг. Архи согтууруулах ундаа нь автомашин жолоодож буй хүний оюун ухаан, жолоодох ур чадвар, самбаачлах хугацаа, оюун санаанд шууд нөлөөлдөг учраас согтолт их байх тусам эрсдэл нь өндөр байдаг байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодох нь жолооч хурд хэтрүүлэх, гэрэл дохио болон өөдөөс ирэх саадыг анзаарахгүй, зогсоох арга хэмжээ авч чадахгүй, анхаарал төвлөрөхгүй байх зэргээр өөрийгөө хянах чадварт муугаар нөлөөлж, ноцтой зам тээврийн осол гарах үндэс болсоор байна.
Алба хаагчдаас гудамж замд хийж буй хяналт шалгалтаар Улаанбаатарт өдөрт дунджаар 35-50 энэ төрлийн зөрчил илрүүлж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож эрхээ хасуулсан жолоочийн эрхийг сэргээхэд бусад оронд хатуу бодлого баримталдаг бөгөөд заавал сэтгэлзүйчдээс зөвлөгөө авч, сургалтад суулгадаг.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Японд л гэхэд бүх насаар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасдаг. Зарим оронд эрхээ хасуулсан байх хугацаандаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол баривчлахгүй, эрх хассан хугацааг нь сунгадаг зэрэг зохицуулалт бий. Олон орны туршлагаас харахад тухайн хүний эдийн засгаар дамжуулж ухамсарт нь нөлөөлөх замаар уг төрлийн зөрчлийг бууруулж байна.
Иймд Монгол улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед үйлдэгдсэн зам тээврийн ослыг бууруулах, үүнээс үүдэлтэй нас баралт, гэмтэл, хохирлыг багасгах, согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж учирч болох хор уршгаас урьдчилан сэргийлэх, иргэдийн буруу хандлага, хэвшлийг өөрчилж, зөв дадалд хэвшүүлэх зорилгоор “Хуулийн хэрэгжилт-Согтууруулах ундаа замын хөдөлгөөний аюулгүй байдалд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна гэж Замын Цагдаагийн албанаас мэдээллээ.