Цасан болон шороон шуургатай
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд цаг агаар муудах нь ээ. Тодруулбал, маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.