ӨНӨӨДӨР: ЭХ ОРОН МИНЬ ЭР ЦЭРГЭЭРЭЭ ГОЁХ ӨДӨР
Өнөөдөр Монгол цэргийн өдөр Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баяр тохиож байна. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болж яваа эр хүн танд баярын мэнд хүргэе. Энэ удаагийн фото сурвалжлагыг мөн л эх орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ томоос томоор оруулж байгаа Монгол улсын гавъяат барилгачин Хошууч генерал Х.Жүгдэрнамжилийн нэрэмжит Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт 017 дугаар ангиас бэлтгэлээ.
Тус ангийн хувьд 2016 онд 80 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд Төрийн ордноос эхлээд 40,000-тын 1, 2 дугаар хэсэг, аж үйлдвэрийн комбинат, цахилгаан станцын бүтээн байгуулалт, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг хот, суурин 14 аймгийн нутаг дэвсгэр дээр үйлдвэр үйлчилгээ, сум, сангийн аж ахуй, сургууль, олон улсын Найрамдал зуслан, Залуучуудын соёлын төв, соёлын иж бүрэн цоцолборууд болон тусгай обьектын 5000 гаруй барилга байгууламжийг өөрсдийн гараар бүтээжээ. Бахархах түүхтэй бахдам сайхан амжилтын эзэддээ дахин баярын мэнд хүргэе.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|