1946 онд анх ЦЭРГИЙН БАЯРЫГ тэмдэглэжээ
Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, нөхөр Маршал Чойбалсан Монгол ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтоол гаргах хүсэлт гаргасны дагуу БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай тогтоол гаргажээ.
Уг тогтоолд:
"1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол ардын хувьсгалт цэрэг нь Монгол Ардын хувьсгалын голомт Хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж анхдугаар ялалтаа байгуулсан учир энэ өдрийг Хувьсгалт цэргийн баярын өдөр болгож, жил бүр улс нийтээр ёслон өнгөрүүлж байсугай. Жил бvрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг цэргийн бүх албан хаагчдын амралтын өдөр болгосугай.
Монгол ардын хувьсгалт цэргийн 25 жилийн ойг 1946 оны долдугаар сарын 11-нд хувьсгалын ойн баярын өдөртэй хамтатган явуулж, 1947 оноос эхлэн дараагийн жилүүдэд цэргийн ойн баярыг энэ тогтоолоор заасан тусгай өдөр нь ёслон өнгөрүүлж байсугай хэмээн" тогтоожээ.
Ардын хувьсгалын 25 жилийн ой тохиосон 1946 оноос эхлэн цэргийн баярыг гуравдугаар сарын 18-ны өдөр тэмдэглэж ирсэн ба 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-аас батлан гаргасан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг Зэвсэгт хүчний өдөр хэмээн тэмдэглэх болсон байна.
2011 оны хоёрдугаар сарын 09-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “Монгол цэргийн өдөр” болгон өөрчлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсанаар цэргийн алба хашиж буй болон өмнө нь цэргийн алба хаасан бүх хүн “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэх боломжтой болжээ.