Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монголчууд жилд гурван тэрбум төгрөгийн кофе хэрэглэдэг

2018 оны 3 сарын 20

Кофены импорт жилд 121 мянган ам.доллараар өсөв

Дэлхийн зах зээлд сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн кофены үйлдвэрлэл Ази тивд цар хүрээгээ тэлж, Монголд ч үйл ажиллагаагаа өргөжүүлээд багагүй хугацааг үдэж байна. Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон кофены модыг дэлхий дээр нийт 10 сая гектар газарт тариалж байгаа гэсэн тооцоо хүртэл бий. Кофены Арабика болон Робуста гэсэн хоёр төрөл байдаг. Кофены нийт хэрэглээний 70-80 хувийг үнэр амт сайтай Арабика, үлдсэнийг нь хурц чанга гэж хэлж болох Робуста кофе өдгөө эзэлж байна. Робуста төрөл нь харьцангуй хямд бөгөөд Арабикагаас 40-50 хувь илүү кофейн агуулдаг аж. Өдгөө Бразил дэлхийн хамгийн том кофе тариалагч, үйлдвэрлэгч, экспортлогч улс болжээ.

Тус улс дэлхийн кофены 40 орчим хувь буюу жилд гурван сая тонн кофе үйлдвэрлэж байна. Өнгөрсөн онд дэлхий даяар кофены үйлдвэрлэл 151.69 тэрбум ам.долларын ашиг олжээ. Тухайлбал, импорт 127.53 тэрбум ам.долларт хүрсэн бол экспорт 130.33 тэрбум ам.доллараар хэмжигдлээ. Mintel компанийн хийсэн судалгаагаар АНУ- ын кофены зах зээл өнгөрсөн онд 23.4 тэрбум ам.долларт хүрч, өсөлтөө хадгалж үлдлээ. Тус компанийн таамаглаж буйгаар кофены борлуулалт 2021 он гэхэд 28.7 тэрбум ам.долларт хүрэх боломжтой аж. Дэлхийд Tom N Toms, Starbucks, Caffe Bene кофены үйлчилгээгээр тэргүүлээд буй. Starbucks гэхэд жилд дунджаар 10.7 тэрбум ам.долларын орлоготой ажилладаг. Дэлхийн 65 оронд үйл ажиллагаа явуулдаг төдийгүй долоо хоногт дунджаар 40 сая хүн үйлчлүүлдэг аж. Харин Монгол Улсын хувьд “Монголиан маркетинг консалтинг”-ийн 2016 онд хийсэн судалгаанд 15-60 насны хүн амын 53 хувь нь кофе хэрэглэдэг болохыг тогтоожээ. Үүнийг хүн амын тоотой харьцуулбал 984 мянган хүн кофе хэрэглэж байгаа юм. Улсын хэмжээнд судалгааны дүнг харахад 73 хувь нь задлаад шууд хэрэглэдэг сүүтэй, чихэртэй кофег, 20 гаруй хувь нь дунд зэргийн кофе хэрэглэдэг. Харин үлдсэн нь чанга буюу хар кофе ууж байна. Эдгээр хүмүүс жилд гурван тэрбум орчим төгрөгийг кофенд зарцуулдаг аж. Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсанаар 2017 онд гаднаас 93.9 тонн кофе импортолжээ. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл, өнгөрсөн онд л гэхэд 803 мянган ам.долларын кофе импортолсон байна.

• Монгол Улсын 15-60 насны хүн амын 53 хувь нь кофе хэрэглэдэг.

• 2017 онд гаднаас 93.9 тонн буюу 803 мянган ам.долларын кофе импортолжээ.

• БНСУ-аас импортолдог Maxim, Ye Ye болон дотоодын үйлдвэрийн Хаан кофе хамгийн их борлуулалттай.

Үүнийг 2016 оны мөн үеийнхтэй харьцуулбал кофены импорт 121 мянган ам.доллараар өсчээ. Монгол Улсын хувьд Вьетнам, Ирланд, Кени, Мали, Танзани, Эквадор зэрэг 10 гаруй улсаас кофе импортолсон байна. Ялангуяа Вьетнамаас импортолдог кофены хэмжээ сүүлийн хоёр жилд 12 хувиар өссөн байна. Мөн Гватемал, Армен болон Европын бусад орны кофег Монголд импортлох худалдааны хөнгөлөлттэй үнийн гэрээг ч хийсэн байдаг. Түүнчлэн франчайзаар дэлхийн өнцөг булан бүрт үүдээ нээсэн Tom N Toms, Caffe Bene-ийн салбарууд ч Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Дотоодын зах зээлд Big Wig, Содон фүүдс, Brain juice зэрэг компаниуд ч кофе үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Big Wig компани 2013 оноос энэ чиглэлээр дотооддоо үйл ажиллагаа явуулж аягатай кофег хоёр төрлөөр хэрэглэгчдэд хүргэж байгаа бол “Содон фүүдс” компани гурван төрлийн кофег нэг удаагийн савлагаатайгаар, Brain juice компани Premium drip нэртэй шүүлтүүртэй, дөрвөн төрлийн кофе үйлдвэрлэж байна.

 

Тухайлбал, “Содон фүүдс” компани өдөрт 40-60 мянган ширхгийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус компанийн захирал Г.Ганбаярын хэлж буйгаар “Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл шууд найруулан уудаг дотоодын кофены зах зээлийн 30-50 хувийг хангах боломжтой. Цаашид Latte, Mocha, Americano кофег үйлдвэрлэхээр туршилт судалгаа хийж байна” гэв. Харин Brain juice компани үнэр амтыг хадгалах зорилгоор шүүлтүүртэй кофе үйлдвэрлэж буй бөгөөд дөрвөн төрлөөр зах зээлд санал болгодог. Өнөөдөр шууд уух зориулалттай кофены үнэ 250-350 төгрөг бөгөөд хамгийн их борлуулалттай нь БНСУ- аас импортоор орж ирдэг Maxim, Ye Ye болон дотоодын үйлдвэрийн Хаан кофе аж. Монголчууд кофе шопын эспрессо, каппучино, американо, кафе латте гээд дөрвөн нэр төрлийн кофег түгээмэл хэрэглэдэг. Үнийн хувьд 3500-7000 орчим төгрөгөөр борлуулагдаж байна. Монголын үндэсний үйлдвэрлэгч “Бэсткап” компани кофены эх орон гэгдэх Бризал улсаас кофены сайн чанарын жинхэнэ үрийг импортлон авч, 2000 хүртэлх хэмд хуурч боловсруулан, тээрэмдэн нунтаглаж, BestCup брэндийн уусдаг, чанадаг, капсултай, сүүтэй зэрэг бүх төрлийн кофе үйлдвэрлэж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: https://ubinfo.mn/read/8625
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55060
0 эможи
keyboard_arrow_up