Аялал жуулчлалын визээр ирж ЗӨВШӨӨРӨЛГҮЙ гоо сайхны үйлчилгээ үзүүлсэн зөрчил илэрчээ
Мэргэжлийн Хяналтын Байгууллагаас 2018 онд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт хийхээр зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллгаа явуулж буй эмчилгээний гоо сайхны мэс ажилбар, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд хяналт шалгалт хийжээ. Энэ талаараа өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас хэвлэлийн бага хурал хийлээ.
Шалгалтад Арьс, эмчилгээний гоо сайхан, мэс ажилбар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ортой, оргүй нийт 56 эмнэлэг хамрагдсан байна. Эдгээр байгууллагууд нь 100% хувийн хэвшлийн эмнэлгүүд ажээ.
Шалгалтаар гадаадын эмч, мэргэжилтнүүд аялал жуулчлалын визээр орж ирээд эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлсэн, эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд эмнэлгийн тусламж үзүүлсэн, эм, эмнэлгийн хэрэгслийг өөрсдөө ганзагаар авч оруулж ирж, тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэсэн зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал:
- Сүхбаатар дүүрэг 1-р хороо Олимп гудамж, Шангри-Ла төвийн 2 давхарт байрлах Үлэмжгрийс ХХК-ний Үлэмж клиник эмнэлэг нь ЭХ-17/22/3811дугаартай эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тус эмнэлэгт Япон улсын иргэн нь гадаадын эмч мэргэжилтний эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, мэсгүйгээр гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлсэн,
- Сүхбаатар дүүрэг 1-р хороонд байрлах UBH төвийн 14 давхрын хурлын заал, 401 давхарт байрлах Өлзий дэн ХХК-ний Аллерги мед эмнэлгийн зөвшөөрөл дээр AM skin care center арьс, эмчилгээний гоо сайхны эмнэлэгт Солонгос улсын иргэд нүүр өргөх болон бие галбиржуулах био утас суулгах практик сургалт явуулж байсан нь эрүүл мэндийн үзлэгийн карт, нүдний мэс ажилбарын зөвшөөрлийн хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна,
- Шалгалтад хамрагдсан эмнэлгүүдийн 7 буюу 16.4% нь эмнэлгийн зориулалтын биш байранд үйл ажиллагаа явуулж байна,
- Багаж материалын ариутгалыг өөрийн байрандаа хийдэг 8 эмнэлгийн ариутгалын хэсэг стандартын шаардлагад нийцэхгүй байна,
- Хяналт шалгалтад хамрагдсан эмнэлгүүдээс эрүүл зүйн нян судлалын шинжилгээнд агаарын 42, ариун материалын 43, арчдасын 130 дээж авч НМХГ-ын Төв лабораторит шинжлүүлэхэд агаарын 14.3% 161, ариун материалын 11.6% /5/, арчдасын 8.5% /11/, нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан,
- Арьс гоо заслын эмнэлгүүд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс, эхэсийн тарилга зэргийг хууль бусаар, импортлон, хадгалалтын горим дэглэм зөрчигдсөн нөхцөлд импортлон хэрэглэж байгаа тохиолдол илэрч байна.
Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 16 аж ахуй нэгж, 3 иргэнд нийт 21,300,000 төгрөгийн торгууль ногдуулж, 750,000 төгрөгийн хууль бус орлого, 5,100,000 төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулж, 5 эмнэлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн хэрэг үүсгэн холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
Нийт 2 байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох тухай саналыг ХУД-ын прокурорын газарт хүргүүлэн, Ноён Оргилын хишиг ХХК-д холбогдох хэрэгт үйл ажиллагааг прокурорын тогтоолоор зогсоох, эд зүйл баримт бичиг хураах, устгах зэрэг албадлагын арга хэмжээ авч ажиллажээ.
Анжи лазер, Renew, Aesthetic clinic, Мезомед эмнэлгүүдийн холбогдогчдод эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна.
Цаашид гоо сайхны чиглэлээр эмнэлгийн тусламж уйлчилгээ үзүүлдэг Аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулахад :
Аялал зуучлалын визээр орж ирсэн гадаадын эмч мэргэжилтэнгүүдийг урьж ажиллуулах эмнэлгүүд нь гадаадын эмч, мэргэжилтнүүдийг ажиллуулахдаа эмчлэх эрхийн зөвшөөрлийг зохих журмын дагуу авч авах,
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, үйлдвэрлэгчийн заасан хадгалалт, тээвэрлэлтийн дэглэмийг баримталж чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг /ботокс, ихэсийн тариа / эмчилгээнд хэрэглэх.
Иргэд үйлчлүүлэгчдэд анхааруулахад:
Үйлчлүүлэгчид эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйлчилгээ авахдаа сонголтоо зөв хийж эрсдлээс өөрийгөө хамгаалж, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, арьс гоо заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан газарт хандаж үйлчлүүлэх.
Нийслэлд тусгай зөвшөөрөлгүй мөртөө "Эмчилгээний гоо сайхны газар” гэсэн олон байгууллагууд ажиллаж байгаа. Иргэд эмчилгээний гоо сайхан, гоёлын гоо сайхны газруудын ялгааг сайтар ойлгож, сонголтоо зөв хийж үйлчлүүлэх нь зүйтэй гэж НМХГ-аас анхаарууллаа.
ШУУД ҮЗЭХ: