Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2018 оны 3 сарын 24

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нийслэлд ажиллалаа

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өнөөдөр ажиллалаа. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулах ажил, хаврын бүтээн байгуулалт, худалдан авах ажиллагаа зэрэг салбарын ажилтай танилцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Энэ жил улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт бүтээн байгуулалтын ажлууд өмнөх жилтэй харьцуулахад их хийгдэнэ. Улсын төсвөөр баригдах цэцэрлэг, сургуулийн 46 ажлын эрх Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас шилжиж ирсэн. Үүнтэй холбогдуулан газар чөлөөлөх ажил хийгдэж байгаа ч үнэндээ төсөвт газар чөлөөлөх мөнгийг тусгаагүйгээс асуудал гарч эхэлсэн. Холбогдох байгууллагуудын судалгаагаар дээрхи сургууль, цэцэрлэгийг барихад  урьдчилсан тооцоогоор 26 тэрбум төгрөгийн газар чөлөөлөх ажил хийх шаардлага тулгараад байна. Нийслэлийн удирдлагын зүгээс бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж, зарим иргэн, аж ахуй нэгж, мөн дахин төлөвлөлтийн компаниудтай хүртэл зөвшилцөл хийж байна. Цаг алдалгүй бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

Хотын дарга цахилгаан авто машины онцгой албан татварын “тэг” хувиар тогтоох саналыг Засгийн газарт хүргүүллээ

Цахилгаан авто машины хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлэх замаар нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг эзэлж буй авто машинаас ялгарах хорт утаатай тэмцэхэд татварын бодитой хөнгөлөлт, чөлөөлөлт зайлшгүй шаардлагатай байгаа талаар өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг дарга мэдэгдэж байсан юм.

Харин Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “тэг” /0/-лэх саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ. Хотын дарга  “Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар импортоор орж ирж буй цахилгаан тэжээлт автомашин онцгой албан татвараас чөлөөлөгдөн, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, газрын тосноос хараат бус хэрэглээ нэмэгдэх чухал ач холбогдолтой” гэж үзэж байгаагаа дурдаад нийслэлийн зүгээс цаашид цахилгаан тэжээлт автомашины цэнэглэгч станц суурилуулах, аюулгүй ажиллагааны дүрэм стандарт боловсруулж батлуулах, цахилгаан тэжээлт автомашины улсын дугаарыг ялгах тэмдэгтэй болгох зэрэг ажлыг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх болно гэдгээ хэлж байсан юм.  

С.Батболд: Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхдээ шинэ технологи, шилдэг шийдэл, өвөрмөц дүр төрхийг нэвтрүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд  14 хоног тутмын  Мягмар гаригт  иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулздаг уламжлал тогтсон.  Уг уулзалтын зорилго нь хотын  даргад хандаж өргөдөл, хүсэлт гаргасан иргэдийнхээ  асуудлыг  хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэхэд чиглэдэг.  

Уулзалтад 10 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцдог. Хотын  даргын уламжлалт уулзалтын   өнөөдрийн эхний иргэн нь “Монгол тохь” ХХК-ийн  ерөнхий захирал  Ц.Цэрэндулам байлаа.  2004 онд байгуулагдсан  тус  компани нь цэцэрлэгжилт, ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Япон улсад энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай иргэд хамтран байгуулсан компани гэдгийг танилцуулаад Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчит улсын  үйлдвэрийн газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа  хотын даргад хэллээ.  “Монгол тохь” компанийхан  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд тохижилтын ажил хийсэн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран  ажиллаж байна.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ч олны хараа  татах  содон шийдэл, шинэ технологи бүхий ногоон байгууламж барих  хүсэлтээ удаа дараа илэрхийлж, орчин үеийн цэцэрлэгжилтийн талаар ч хамтран сургалт явуулах  саналаа хүргүүлж байсан.  Гэвч  хариулт ирдэггүй. Хамтын ажиллагааны ямар ч эхлэл тавигдахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа  Ц.Цэрэндулам уулзалтын үеэр хэлж байв.

Хотын дарга “Наурыз 2018” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо

Казахстан Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 26 жилийн ой болон «Наурыз»-ын баярыг тохиолдуулан “Наурыз 2018” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, УИХ-ын гишүүн асан, академич А.Бакей, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D), Соёлын гавьяат зүтгэлтэн М.Зулькафиль, Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч, доктор, профессор (Sc.D) Т.Султан нар  оролцсон юм.

Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам батлах тухай, УИХ-ын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43-р тогтоолыг хэрэгжүүлэх талаар нутгийн захиргааны байгууллагуудаас зохион байгуулж буй ажлын явцын тухай, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын зорилтот түвшинг тогтоох тухай, Нийслэлийн “Шилдэг хороо-2018” шалгаруулах болзолт уралдааныг зохион байгуулах тухай, Нийслэлийн хэмжээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцлээ.

“Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд ӨӨРЧЛӨЛТ оруулна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн талаарх мэдээлэл сонсох, “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгуулах, Хотын дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулах, хотын захиргааг Яармаг руу нүүлгэх тухай зэрэг 10 асуудал хэлэлцсэн юм.

Замын Цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн хувьд гүүрэн гарц болон инженерийн шугам сүлжээний зураг төсөл  боловсруулах, барилгын бэлтгэл ажлын хүрээнд ажилчдын түр байр, үйлдвэрлэлийн талбай байгуулах, бетон зуурмагийн үйлдвэр барих, цахилгаан шугам холбох, орц гарц гаргах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Нийслэлийн Газрын албанаас газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн нийт 22 иргэн, аж ахуйн байгууллагатай зөвшилцөх ажил хийгдэж, “Шунхлай трейд”, “Жаст ойл” компанид олгох нөхөх олговрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан бол “Таванбогд” ХХК /Тоёота авто сервис/-ий шинээр барих орц гарцыг нийслэлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр 2018 оны төлөвлөгөөнд тусгаад байна. 

“Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд ӨӨРЧЛӨЛТ оруулна Arslan.mn

Гадаад харилцааны чиглэлээр холбогдох албаныханд зориулсан сургалт боллоо

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, 9 дүүргийн удирдах албан тушаалтан болон гадаад харилцааны  асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Сургалтыг Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс хамтран жил бүр зохион байгуулдаг билээ. Тус арга хэмжээг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Гадаад бодлого нэгдмэл цонхоор гардаг байх ёстой. Дэлхийн бусад улс оронд ч гэсэн өөр улс оронтой харилцахдаа гадаад бодлого нь нэгдмэл байдаг. Бид бүхэн яг тэрхүү жишгийг дагаж ажиллах ёстой. Нэг бодлого, төлөвлөлт, зохицуулалтаар ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Улаанбаатар бол Монголын Улсын нийслэл. Нийслэлд ямар үйл явдал болж байна тэр бүгд Монгол Улсын үйл явдал болдог” хэмээн онцоллоо.

 “Бялуу чимэглэх ур чадварын уралдаан" боллоо

Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Бялуу чимэглэх ур чадварын уралдаан”-ыг Технологийн дээд сургуульд өнөөдөр зохион байгуулж байна. Уралдааны нээлтэд Нийслэлийн ХХААГ-ын дарга Д.Баянбат, Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан Технологийн дээд сургуулийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ болон бусад албаныхан оролцлоо.

Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдрийг угтаж Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбооны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл хамтран  ур чадварын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд гурил гурилан бүтээгдэхүүн, бялуу үйлдвэрлэлийн салбар зөвлөл Технологийн дээд сургууль хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Манай холбооны дэргэд салбар тус бүрт мэргэжлийн зөвлөл ажилладаг. Гурил гурилан бүтээгдэхүүн, бялуу үйлдвэрлэлийн салбарт 28 аж ахуйн нэгж хамааралтай байдгаас өнөөдрийн тэмцээнд 5 аж ахуйн нэгж мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцож байна” гэлээ.

“Нээлттэй Засаглалын түншлэл” олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Нээлттэй Засаглалын түншлэл” олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа.

Энэ үеэр Нийслэлийн засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр  “2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төсөл нь Монгол Улс 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн бодлого, тэргүүлэх зорилтоо тодорхойлсон цаг хугацаанд боловсруулагдсанаараа онцлогтой. 2016-2018 оны Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний хүрээнд орон нутгийн салбар зөвлөл болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй ил тод байх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, иргэдийн оролцоотой байлгах үүднээс нэлээд арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн зүгээс 2016 оныг “Мэдээллийн технологид тулгуурласан үйлчилгээний биржийн тогтолцоог бүрдүүлэх жил”,  2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”, 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд, оршин суугчдын саналыг тусган, хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд иргэд өөрсдөө оролцох, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан юм” хэмээн онцоллоо.

“Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалт боллоо

“Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалт өнөөдөр Багануур дүүрэгт зохион байгуулагдлаа. Энэхүү бизнес уулзалтыг тус дүүргийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан МҮХАҮТ, Багануур Үйлдвэр технологийн парк, “Багануур” ХХК, “Монхимо” ХХК зэрэг компани хамтран зохион байгуулж буй аж. Дүүргийн хөгжлийн үндэст тулгуурлан хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй уулзаж мэдээ  мэдээллээр хангах, хамтрах ажиллах боломж нөхцөл болон дүүрэгт хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах зорилготой юм.

“TEDx” залуучуудын чуулганыг дэмжиж ажиллалаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр  TEDx  чуулганыг Ted.com Төрийн бус байгууллага, TEDxYouth MRJS клуб хамтран 300 гаруй залуучуудын оролцоотойгоор 2018 оны 03-р сарын 17-ны өдөр Улаанбаатар чуулгын Үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллаа.

TEDx чуулганаар нийгэмд өөрийн үзэл бодлоороо эерэг өөрчлөлт авчрахыг хүсдэг 7 илтгэгч амьдралын үнэт зүйл, туршлага, үзэл бодлоо хуваалцсан юм. Тухайлбал “Оюуны чадвар хүний хөгжил төв”-ийн захирал Г.Мөнгөн, “Мөрөөдөлд хүрэх зам” ТББ-ын тэргүүн Э.Дөлгөөн, НҮБ-ын хөгжлийн Хөтөлбөрийн ажилтан Наталие бай, Монтгомери Фитч олон улсын маркетингийн компаний ерөнхий захирал Луйс Аркангель, “Сэтгэл судлалын үндэсний төв” ТББ-ын ерөнхий захирал Б.Ууганцэцэг, жүжигчин Б.Анхбаяр,  “Маяара” үндэсний брендийг үүсгэн байгуулагч, захирал Э.Азжаргал, нарын 7 хүн илтгэл тавилаа.

Байгаль хамгаалагчдад улсын байцаагчийн эрх олголоо

Нийслэлийн Байгаль орчны газрын 33 байгаль хамгаалагч 9 дүүргийн 470.0 мянган га нутаг дэвсгэрт байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, байгаль орчны танин мэдэхүйн сурталчилгаа хийх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад зөвлөгөө өгөх, байгаль хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах чиглэлээр ажил үүргээ гүйцэтгэж байна. Өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнийг даган гарсан журмууд хэрэгжиж эхэлсэн.

Дээрх хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тус газрын байгаль хамгаалагчдыг улсын байцаагчийн эрхтэй болгох шаардлага бий болсон юм. Үүний дагуу улсын байцаагчийн тодорхой шалгуурыг хангасан 9 байгаль хамгаалагчид Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны Б/28 дугаар тушаалаар улсын байцаагчийн эрх олгоод байна.

Байгаль хамгаалагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох заавар, журам, стандартыг хэрэгжүүлэх шаталсан сургалтуудыг зохион байгуулж эхлээд байна.

Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар холбогдох төлөөллүүдийн хамт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 16 хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрээс өргөн хэрэглээнээс үүсдэг хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд болох Мог пластик ХХК /Хаягдал хуванцар дахин боловсруулах үйлдвэр/, Од пластик ХХК /Хаягдал хуванцар хагас боловсруулан бэлдэц үйлдвэрлэх үйлдвэр/, Сайн цаас ХХК /Хаягдал картон цаас дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа/, Аминболор ХХК /Бүх төрлийн хоёрдогч түүхий эдийн бөөний төв/, Тэр их нуур ХХК /Вакум цонхны хаягдлаар PVC хуванцар хоолойн үйлдвэр/, Инахис ХХК /Автомашины хаягдал дугуйн хаягдлаар резинэн хавтан үйлдвэрлэх үйлдвэр/ зэрэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлууд санал хүсэлтийг нь сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцлаа. Мөн Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн нэг болох Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээрх ландфилл хийгдэж буй талбай, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран байгуулсан хог дахин боловсруулах үйлдвэрийн хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эко клубуудын чуулга уулзалт боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран нийслэлийн  ерөнхий боловсролын сургуулиудын эко клубуудын  сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эх орон унаган байгалиа хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцуулах, нэг санал санаачлагын дор нэгтгэх зорилгоор "Эко клубуудын чуулга" уулзалтыг Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгууллаа. 

ЗГХЭГ-ын дарга Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа

Засгийн газраас 2018 оныг сахилга хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Энэ үеэр Засгийн газрын тогтоол шийдвэр, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой чиг үүргүүдийн талаар болон тэдгээрийн хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцаж, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газрууд, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж тулгамдаж буй асуудлууд, санал хүсэлтийг сонсов.  

“Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болно

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо ТББ-тай хамтран залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор “Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг 3-р сарын 31-ний өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.

Энэ талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд боллоо. Хуралд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, МБФХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар, дэд ерөнхийлөгч Г.Мөнгөнбаяр, бодибилдинг фитнессийн Олон улсын шүүгч Ч.Ганзориг  ирээдүйн мистер тэмцээнд оролцож амжилтын гараагаа эхэлсэн Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн 3 удаагийн аварга, Ази тивийн хошой аварга Г.Угалзцэцэг, ОУХМ, Ази тивийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин Г.Жамц, Ази, Дэлхийн аваргын хүрэл медальт  тамирчин М.Мөнх-Од  нар оролцов.

НИТХ-ын дарга Налайх дүүргийн Казах иргэдэд хүндэтгэл үзүүллээ

Казах түмэн жил бүрийн 22-нд буюу өдөр шөнө тэнцэх өдрөөр Наурызын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баярынхаа хүрээнд Налайх дүүргийн Казах иргэд өнөөдөр баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа.

Баярын хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Ажлын албаны дарга Б.Батбямба болон дүүргийн удирдлагууд оролцож хүндэтгэл үзүүлэв. Аж үйлдвэрийн ууган хот Налайх дүүрэгт 2 үндэстэн 22 угсаатан оршин суудаг юм байна. Тус дүүрэгт анх 1931 онд хөдөлмөрийн гэрээгээр Казах иргэд ирж оршин сууж эхэлсэн бөгөөд одоо нийт оршин суугчдын 12 хувийг  Казах иргэн эзлэж байна.  Тэдний ихэнхи нь Налайхын уурхайгаас  ажил, амьдралын гараагаа эхэлсэн бөгөөд соёл,урлаг спортын олон алдартнууд, хөдөлмөрийн баатрууд төрөн гарчээ.  

Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Нүүлгэн шилжүүлэх журам”, Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 87 дугаар дунд сургууль дээр “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн” гамшгаас хамгаалах буухиа тэмцээний үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

ОБЕГ, НОБГ, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Жайка олон улсын байгууллагын “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төсөл хамтран зохион байгуулсан тус сургуулийн үеэр оролцогчдыг гамшгийн үеийн зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулсан. Сургуулилтад 87 дугаар сургуулийн 55 багш, ажилтан, нэгдүгээр ээлжийн 1250 сурагчид оролцож, аюулгүй зай талбайд нүүн шилжих дадлага хийлээ.

“ХӨДӨЛГӨӨНТ ОФФИС” хороодод ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн хэмжээнд анхлан хэрэгжиж байгаа “Хөдөлгөөнт оффис”-ийн үйл ажиллагаа хоёр дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Өнөөдөр дүүргийн Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр нараар ахлуулсан хоёр баг 1-4, 11-14 дүгээр хороонд тус тус ажиллав. Багийн бүрэлдэхүүнд дүүргийн ЗДТГ-ын бүх хэлтсийн дарга нар, Засаг даргын дэргэдэх Татвар, Нийгмийн даатгал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, Боловсрол, Замын цагдаагийн хэлтэс, Газрын алба болон хог тээврийн компанийн холбогдох мэргэжилтнүүд оролцож, төрийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн асуултад хариулт өгч, санал хүсэлтийг нь хүлээн авлаа. Дараагийн удаа “Хөдөлгөөнт оффис” 5-7, 15, 17, 19 дүгээр хороонд тус тус ажиллана.

Хилийн бүсэд мөрдөгдөх дүрэм журмын талаар мэдээлэл өгөх сургалт болно

Олон улсын галт тэргээр зорчиж буй гадаад дотоодын иргэд мөрдөгдөх дүрэм журам, хууль тогтоомжийн талаар мэдээлэлгүй байдгаас зорчигчийн эрх зөрчигдөх асуудлууд гардаг. Тиймээс гадаад дотоодын жуулчдын аюулгүй, тав тухтай байдлыг хангах, мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын зорчигчдын суудлын галт тэрэгний үйлчлэгч нарт Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх сургалтыг  2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна. Уг сургалтыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Олон улсын төмөр замын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор шат дараатай зохион байгуулагдах ажлуудын эхлэл юм

Сургалтаар олон улсын галт тэргээр зорчиж буй зорчигчдийн зайлшгүй мэдэж байх зүйлс, зорчигч тээвэрлэгч төмөр замын ажилтнуудад тавигдах шаардлага, тээвэрлэгч зорчигчид ямар шаардлагыг хангуулсан байх болон нийтлэг гардаг зөрчил, дутагдлын талаар Хил Хамгаалах Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас холбогдох мэргэжилтнүүд сургалтыг явуулна.

Нийслэлийн хэмжээнд 1330 орчим хүүхэд пневмококкийн эсрэг вакцины эхний тунг хийлгээд байна

2016 оноос нийслэлийн Сонгинохайрхан болон Сүхбаатар дүүрэг, 2017 оноос Баянзүрх дүүрэгт дархлаажуулж байсан тус вакциныг Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/20 дугаар тушаалын дагуу энэ сарын 01-ний өдрөөс эхлэн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2 сартай хүүхдүүдэд товлолын дагуу хийж эхэлсэн билээ.

Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь 9 сартай хүүхдэд хийх бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетэд хийж байгаа юм. Тэгвэл энэ сарын 19-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд 02 сартай 1330 орчим хүүхдийг Пневмококкийн эсрэг вакцины эхний тунгаар дархлаажуулаад байна.

“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяны ээлжилт сургалтыг Багахангай дүүрэгт зохион байгууллаа

Eрөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ буюу 2018 оны 3-р сарын 5-наас ирэх тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл зохион байгуулж байна.

Аяны ээлжит сургалтыг өнөөдөр Багахангай дүүргийн ерөнхий боловсролын “Хангай” цогцолбор сургуулийн урлагийн танхимд зохион байгуулж, 80 гаруй ахлах ангийн сурагчид хамрагдлаа.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг тавдугаар сарын 31-нийг хүртэл зохион байгуулна

Энэ оны эхний улиралд 4437 иргэн  цаг заваа хэмнэж, SMARTCAR аппликейшн болон www.smartcar.mn цахим хуудсаар  дамжуулан татвар хураамжаа төлсөн байна. Иргэн та ч гэсэн цаг заваа хэмнэж онлайнаар төлбөрөө төлөөрэй.

 Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар,

1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

1993 онд ЮНЕСКО-гийн чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхаар болсон. Олон нийтэд усны үнэ цэнийг ойлгуулах, зүй зохистой хэрэглээг сурталчлах зорилготой энэ өдрийг Налайх дүүрэг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус дүүргийн хэмжээнд “Усны аюулгүй байдлын тухай” хөтөлбөрөө батлуулан 2 үе шаттай ажлыг эхлүүлж байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-тай хамтран нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн аж ахуй нэгж байгууллагууд, ерөнхий боловсролын дунд сургуулиуд, төрийн байгууллагууд хамтран оролцож иргэдэд усыг хэрхэн зүй зохистой хүртээмжтэй ашиглах, гамнах талаар мэдээлэл хүргэлээ. Мөн уг өдрийг тохиолдуулан “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх аян”-ыг нээлээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Охобалынд зочиллоо

Дүүргийн удирдлагуудын зүгээс Казах иргэдээ хүлээн авч баяр хүргэдэг уламжлалтай. Нийт Казах ард түмэндээ Наурызын баярын мэнд хүргэе” гэлээ.  Наурыз нь шинэ жилийн эх бөгөөд хаврын өдөр, шөнө тэнцдэг өнө эртний уламжлалтай баяр юм. Налайх дүүрэг 32 мянга орчим хүн амтайгаас 6 мянга орчим казах иргэн оршин сууж байна. Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат өдгөө 75 настай Т.Охобал 17 настайдаа тус дүүрэгт ирж суурьшсан бөгөөд Налайхын уурхайд 40 жил ажиллажээ.

Ц.Сандаг-Очир: Багануурт “Оюутны хотхон” байгуулах нь олон талын ашигтай

“Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалт өчигдөр Багануур дүүрэгт анх удаа зохион байгуулагдсан. Бизнес уулзалтын үеэр Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир “Уулзалтад зарим орны элчин сайд, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид оролцож дүүргийн талаар мэдээлэл авахаар ирлээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломж бололцоо, дэд бүтцийн хүрэлцээ хангамж Багануур дүүрэгт бүрдэж байна. 2017 оны 12 дугаар сард Багануур дүүрэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “2030 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-гөө батлуулсан. Хэсэг яригдаад байсан “Оюутны хотхон”-ы асуудал дахин сэргэж байна. Цаашид Багануур дүүрэгт нийслэлийн төвлөрөлийг сааруулах, дагуул хотуудыг бий болгох ажлын хүрээнд “Оюутны хотхон”-ы асуудлыг зайлшгүй ярих ёстой. Энэ тал дээр яамнаас баримталж байгаа бодлого бий. Тийм учраас энэ асуудлыг дахин тавьж байна. Тэр дундаа ШУТИС-ын байрыг эхний ээлжинд байгуулах бололцоо боломж бий гэж үзэж байна. Энэ хүсэл сонирхлыг дүүрэгтээ бий болгож хөрөнгө оруулагчдыг татах тэр хэрээр дүүрэг орон нутгийн иргэд ажилтай орлоготой болно. Гол нь иргэдийн тогтвортой ажлын байраар хангагдах боломжууд бүрдэх учраас энэ уулзалт чухал ач холбогдолтой” гэж ярилаа.

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн тухай уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, НЭЗ-н хүрээнд нийслэлд хэрэгжүүлж байгаа ажлын явц үр дүнгийн талаар санал солилцох, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх зорилготой  “Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн тухай” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Нийслэл Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга нар, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцов.

ТУСЧ ХИЧЭЭНГҮЙ СҮБЭЭДЭЙ ХҮҮ” жүжиг үнэ төлбөргүй тоглогдоно

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар “Монгол оркест” ХХК-ийн 49-р гудамж хүүхэд, залуусын албатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгээр 49-р гудамж хүүхэд, залуучуудын театраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Тусч, хичээнгүй Сүбээдэй хүү” жүжгийг нийслэлийн хүүхэд багачуудад цуврал байдлаар хүргэхээр болсон бөгөөд цаашид хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх жүжиг, тоглолт, хүүхдийн хөгжлийн чиглэлээр дугуйлан, клуб, сайн дурын үйл ажиллагаануудыг хамтран хэрэгжүүлж ажиллахаар боллоо. Тус жүжиг амралтын өдөр бүр зохион байгуулагдаж байна.

Э.Болорчулуун: "Газрын харилцаа" хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулна

Өнгөрсөн нэгдүгээр сард "Газрын харилцаа" хэлэлцүүлэг Соёлын төв өргөөнд зохион байгуулагдсан. Тус хэлэлцүүлгээс нийт 560 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд шийдвэрлэлтийн байдлын талаар өнөөдөр нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэлтэс, дүүргүүдийн Газрын албаны нийт албан хаагчиддаа танилцууллаа. Тус хэлэлцүүлгийн үеэр ирсэн өргөдөл, гомдлын 41 хувь буюу 230 нь газар шинээр хүссэн, 20 хувь буюу 112 нь газрын маргаан шийдвэрлүүлэх, 14 хувь буюу 80 нь орц, гарч чөлөөлөх, 8 хувь буюу 45 нь эрх шилжүүлэх, хугацаа сунгах, 7 хувь буюу 38 нь газар өмчлөх хүсэлт, 1 хувь буюу 6 нь албан хаагчтай холбоотой асуудал, 9 хувь буюу 49 нь санал хүсэлт, лавлагаа авах, газрын хэмжээ байршил өөрчлөх хүсэлт байна. Дээрх 560 өргөдөл гомдлын 56-г шийдвэрлэсэн, 39 нь шийдвэрлэх шатандаа, 313 нь шийдвэрлэх боломжтой, 152 нь судлагдан хүлээгдэж байгаа юм.

Судлан хүлээгдэж буй 152 асуудал нь холбогдох байгууллагуудаас хариу авч байж шийдвэрлэхээр хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалтын газар нутаг, үерийн хамгаалалтын бүс, инженерийн шугам сүлжээний бүсүүдэд шинээр газар хүссэн мөн шүүхийн шатанд хянагдаж байгаа газрын маргаантай учраас холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр шийдвэрлэх боломжтой хүсэлтүүд байгаа юм. 

Эх дэлхийн цагт нэгдээрэй

Эрчим хүчний хэмнэлт хийж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад дэлхий нийтээрээ нэгэн зэрэг дуу хоолойгоо нэгтгэх арга хэмжээнд нэгдэхийг уриалж байна.

Маргааш буюу энэ сарын 24-ний өдөр “Эх дэлхийн цаг” арга хэмжээг Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Байгаль орчны газар, “Зориг сан”, ”Байгаль орчны манлайлал” ТББ, Ариг банк хамтран Монгол улсад 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Сүхбаатарын талбайд “Эх дэлхийн цаг” арга хэмжээг зохион байгуулна.

Эрчим хүчний хэмнэлт хийж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд амьд хөгжмийн хамтлагууд, бүжигчид, “Universebest songs”-ийн залуу дуучид, “АСА” циркийн жүжигчид оролцох юм байна. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэх юм. Мөн бүрээ бөмбөр, язгуур урлагийн тоглолт болж, монголчууд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэнэ. Түүнчлэн энэ өдөр Монголын үндэсний олон нийтийн телевизээр уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ. 

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Тус чуулганд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын 300 гаруй бизнес эрхлэгчид, ХХААХҮЯ, ГХЯ болон холбогдох Төрийн ба төрийн бус байгууллагууд,  мэргэжлийн их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсон.

Монгол Улсын нийт хүн амын 45 гаруй хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотод худалдаа, үйлчилгээний салбарын 69 хувь нь төвлөрч, бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалт нь улсын хэмжээн дэх борлуулалттай харьцуулахад 90-95 хувийг эзэлж, 300 орчим мянган хүнийг ажлын байраар хангаж нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулдаг томоохон салбар юм. Гэвч зуугаад жилийн түүхтэй худалдааны салбар нь өнөөдөр “Худалдааны тухай  хууль”-гүй байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэглээ, соёлын өөрчлөлтийг дагалдан олон улсын стандартад нийцэхүйц хоол, худалдаа, үйлчилгээний газрууд нийслэл холтноо олноор  бий болж байна. Хөгжлийн шинэ чиг хандлагатай хөл нийлэн алхахын тулд салбарын ахиц дэвшил, ололт амжилтыг дэмжсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, салбарын эрх зүйн зохицуулалт, журам, стандартыг нийцүүлэн өөрчлөх, сайжруулах шаардлага зайлшгүй тулгамдаж байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
55260
1 эможи
keyboard_arrow_up