Д.Лхагвасүрэн: Цахим орчинд Монгол бичгээр ХАРИЛЦАХ эрхийг хангаж өгөх хэрэгтэй
Олон нийтийн байгууллагын төлөөллүүд Монгол бичгийн юникод, түүний хэрэглээнд тулгамдаж буй асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Wikibilig.mn сайтын эрхлэгч Н.Гантуяа
"Монгол бичгээр цахим орчинд огт бичиж болохгүй юм уу гэвэл тийм биш юм. Бичих бүрэн боломжтой.
Гэхдээ энд тодорхой асуудлууд байна. Тухайлбал, стандартын болон тийн ялгалын нөхцөл дагаврууд компьютер дээр буруу гардаг.
Олон жил өнгөрөхөд манай төр засаг энэхүү стандартын асуудлыг шийдвэрлэхэд ерөөсөө санаачилгатай хандаагүй. Юникодын техникийн ажлын хэсэг монгол бичгийг юникодод стандарт болгох чиглэлээр олон жил ажиллаж байна. Гэтэл энэ ажил төр засгаас эзний ёсоор санаачилгатай хандаж байсангүй.
Тиймээс энэ ажлын бүх санаачилга Хятадын гарт орсон. Манай улс энэ ажил дээр санаачилгаа алдсан.
Одоо дөрөвдүгээр сард юникодын техникийн зөвлөлийн хурал монгол бичгийн стандартчиллын асуудлаар хуралдана. Үүнд манайхаас хоёр хүн л явж байгаа бөгөөд төрийн байгууллагаас нэг ч хүн явахгүй байгаа. Тэр хоёр хүн олон удаа болж буй энэ хурлуудад байнга хувийн зардлаараа явдаг. Энэ удаагийн хурал АНУ-д болно. Тэр хол газар луу дахиад л хувийн зардлаараа явж байгаа.
Тиймээс манай төр засаг энэ асуудалд өөриймсөг буюу эзний ёсоор хандаад дараагийн хурлыг Улаанбаатарт зохион байгуулах тал дээр арга хэмжээ авах шаардлагатай байна.
Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд Монгол бичгийн хэрэглээ маш чамлалттай байна. Зөвхөн байгууллагын гадаа алдаг оног бичсэн хэрэглэл, уран бичмэл төдий л хязгаарлагдмал болчихсон.
Монгол бичгийг цахим орчинд маш идэвхтэй хэрэглэж, хоорондоо монгол бичгээр бичилцэж, харилцдаг болох хэрэгтэй. Тэгж байж монгол бичгийн хэрэглээ тогтворжино шүү дээ.
Мөн Монгол хэлний тухай хууль хоёр жилийн өмнөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Гэтэл энэ хугацаанд энэ хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна" гэв.
МУИС-ийн багш, биологич Д.Лхагвасүрэн
"Туурга тусгаар Монгол Улсын иргэн цахим орчинд үндэсний бичгээрээ бичих эрхгүй юм уу? Бид монгол бичгээ хэрэглэмээр байна. Харин төр засгаас бидний энэ эрхийг эдлэх технологийн бололцоог хангаж өгөхгүй байна
Монгол бичгээр цахим орчинд бичих шаардлагатай байна. Энэ эрхийг маань хангаж, боломжийг бүрдүүлж, Монгол бичгийн стандартыг боловсруулаад өгөөч гэж хүсэж өнөөдрийн хэвлэлийн хурлыг бид хийж байгаа юм" гэлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|