Цахим гэмт хэргийн шинжтэй 129 хэрэг бүртгэгджээ
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2017 онд 44 удаагийн цахим гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2016 оныхоос дөрөв дахин өссөн үзүүлэлт болсон байна. 2017 оны долоодугаар сарын нэгэнд Эрүүгийн хууль шинэчлэн батлагдсанаас хойш цахим гэмт хэргийн шинжтэй 129 хэрэг бүртгэгдсэн талаар Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мэдээллээ.
Одоогоор хохирлын хэмжээ 700-800 сая төгрөгт хүрээд байгаа юм байна. Дотоодын бизнесийн харилцаа холбооны 70 гаруй хувь нь цахим шуудангаар хийгддэгийг “Датаком” компанийн судалгаанд онцолжээ. Тиймээс байгууллагыг чиглэсэн цахим халдлагууд сүүлийн үед нэмэгдэж байгааг тус компани анхаарууллаа. “Датаком” компанийн шинжээчдийн судалгаагаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд дотоодын 28 аж ахуйн нэгж зөвхөн цахим халдлагаас үүдэж, хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол амссан байна.
Мөн хувь иргэд өөрийн цахим сүлжээний “аккаунт”-аа алдах, залиланд өртөх асуудал ихсэж байгаа талаар Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мэдээлж байна.
Энэ төрлийн гэмт хэргийн 80 гаруй хувь нь хэрэглэгчийн өөрийн хариуцлагагүй байдлаас үүдэлтэй ажээ. Тухайлбал, интернет банк, цахим ертөнцөд нэвтрэх нууц үгээ мартахгүйн тулд хэрэглэгчид ихэвчлэн амархан нууц үг оруулдаг. Энэ нь мэдээллээ алдах гол эрсдэлийг бий болгодог байна. Мөн цахим орчинд баталгаагүй цахим хуудас ихэссэнээр хэрэглэгчид мэдээллээ алдах явдал ихсэж байгаа юм байна.
Түүнчлэн Монгол Улсад тусгай зөвшөөрөлгүй, хамгаалалтгүй “Windows” үйлдлийн системийг ашиглаж байгаа албан байгууллага, хувь хүн их байдаг нь халдлагад өртөх орчныг бүрдүүлдэг байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа юм. Тиймээс иргэд гар утаснаасаа санхүүгийн гүйлгээ хийдэг аппликейшнаасаа хувийн мэдээллээ алдахгүйн тулд богино хугацаанд өөрийн нэвтрэх нэр, нууц кодыг шинэчилж хэвших нь чухал гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.