Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өгнө үү
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчлийн 60 орчим хувь нь согтуугаар үйлдэгддэг гэсэн тоо баримт байдаг бол 80 хувь нь хаалттай хаалганы цаана гэрчгүйгээр үйлдэгдсэн гэсэн судалгаа бий. Иймээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход иргэд мэдээлэх нь чухал үүрэгтэй юм.
“Гэмтэл согог судлалын үндэсний төвд хөл нь хугарсан хүүхэд ирж хэвтлээ” гэсэн дуудлага өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад иржээ. Учир шалтгааныг нь лавлан үзвэл, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай дөрвөн настай Н гэх хүүг төрсөн эцэг 27 настай Б зодож биед нь гэмтэл учруулсныг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Мөн согтуурсан үедээ эхнэрээ зодсон 29 настай, эрэгтэй Т-д холбогдох асуудлыг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст, 73 настай ээжийгээ хэл амаар доромжлон, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 47 настай, эмэгтэй Т-г Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Энэ мэтчилэн цагдаагийн байгууллагад өнгөрөгч хоногт ирсэн гэр бүлийн хүчирхийллийн холбоотой 169 мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн байна.
Иргэн та гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өгнө үү.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
|