ХАБЭА САРЫН АЯН: “Барилга - Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ухамсарлах” сэдэвт сургалт зохион байгууллаа
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян өрнүүлдэг билээ.
Тус аяны хүрээнд хууль тогтоомжийг сурталчилах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх, сургалт, сурталчилгаа хийх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулдаг.
Энэ ажлын хүрээнд 2018 оны сарын аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, БГД, СБД-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, NRF (National Research Foundation) Солонгосын Үндэсний Судалгааны Сангийн зочин профессор Чой Чань Ми-тэй хамтран хаврын бүтээн байгуулалтын ажил эрхлэхтэй холбогдуулан “Барилга - Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ухамсарлах” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтад БГД, СБД-ийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцлоо.
Солонгосын Үндэсний Судалгааны Сангийн зочин профессор Чой Чань Ми “ Өнөөдөр сургалтад хүрэлцэн ирсэн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдэд талархаж байна. Миний хувьд аж үйлдвэр болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн боловсрол олгох судалгааны чиглэлээр ажиллахаар Монголд ирсэн. Энэ хугацаанд Барилгын Политехник Коллежийн оюутнуудад хичээл орж, судалгаа хийх төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдөр ХАБЭА-н хувь хүний зан төлвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Энэ сэдвийг сонгож авсан шалтгаан нь ХАБЭА-н талаар хувь хүний ухамсарыг дээшлүүлэх, ойлголттой болгох бөгөөд энэ төслийг Солонгосын Засгийн газраас батлан гаргасан. Өнөөдрийн сургалтаар дамжуулан ажил олгогчдын хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай соёлыг бий болгох, осол, гамшгийн хэмжээг бууруулах зорилготой. ААН-ийн хувьд ХАБЭА-н дүрмийг зайлшгүй дагаж мөрдөх ёстой.” хэмээлээ.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд ХАБЭА-н хууль тогтоомжоор хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлэхийг уриалах, зөвлөмж гаргаж түгээх, хүүхэд, залуучуудад ХАБЭА-н мэдлэг олгох сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, эрүүл, аюулгүй ажлын байрны нөхцлийг бий болгож, ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудалд анхаардаг тэргүүний байгууллага, хамт олны туршлагыг олон нийтэд түгээх зэрэг уламжлал болсон арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ бусад шинэлэг арга хэмжээг өөрийн орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулагдана гэдгээ ХХҮХ-ийн албаныхан хэллээ.