“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН“-гийн нээлт боллоо
Цагдаагийн ерөнхий газраас НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж байна.
Тус ажлын хүрээнд ЦЕГ-аас “Гэр бүлийн хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан”-ийн нээлттийн арга хэмжээг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.
Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн санд Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байранд үйлчлүүлсэн хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүд, хүүхдийн мэдээллийг нэгтгэснээр гэр бүлийн хүчирхийллийн бодит тоо мэдээлэл, хүчирхийллийн талаарх мэдээллийг бүрэн бүртгэх боломжтой болж байна.
Тус арга хэмжээг нээж ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал хэлсэн үгэндээ “Гэр бүлийн амгалан тайван байдлын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болсон албан хаагчид өнөөдөр энд хүрэлцсэн ирсэн байна. Бид НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан”-г бий болгож, цаашид боловсронгуй болгох, хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, албан хаагчдыг сургахад анхаарч ажиллана. Тус нэгдсэн санг байгуулснаар энэ төрлийн гэмт хэргийн статистик мэдээллийг нарийвчлан гаргах, төрийн болон төрийн бус байгууллагууд мэдээллээ харилцан солилцох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг зөв тодорхойлох ач холбогдолтой юм.
Нийгэмд хүлээлт үүсгээд байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль хэрэгжих, хууль сурталчлах, иргэд олон нийтэд ухуулга арга хэмжээг төрийн байгууллагаас гадна иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд идэвхтэй зохион байгуулснаар 2017 оны жилийн эцсийн болон 2018 оны жилийн гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн статистик анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан нь цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн байна.” хэмээлээ.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН зөрчил анх удаа БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ гарчээ
Гэр бүлийн хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сангийн талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг "Гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл өмнө нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, хохирогчоос гарсан өргөдлийн хүрээнд бүртгэгддэг байсан.
"Гэр бүл хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан"-тай болсноор цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай дуудлага ирсэн тохиолдол бүрт бүртгэнэ. Энэхүү сан нь зөвхөн цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллийг бүртгэх биш энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудын мэдээлэл бас бүртгэгдэнэ.
Цагдаагийн байгууллагад жилдээ хагас сая орчим дуудлага мэдээлэл ирдэг. Үүний 30 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл байдаг. Цагдаагийн байгууллагын албан хаагч гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд очихдоо өмнө нь ямар цагдаагийн албан хаагч очиж байсан, өмнө нь ямар хүчирхийлэл тухайн айлд болж байсан талаар мэдээллийг авах боломжгүй байсан бол нэгдсэн сантай болсноор энэ бүхэн нээлттэй болж байна.
Цагдаагийн байгууллагад 2018 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 24,034 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Урьд оны мөн үеэс энэ төрлийн гэмт хэрэг харьцангуй буурсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хандлага нийгэмд төлөвшөөд байна.
Түр хамгаалах байраар 200 орчим өрхийн 300 орчим иргэн үйлчлүүлээд байгаа. 21 аймгийн зургаан аймагт нь хамгаалах байр бий. Одоогоор бид дөрвөн аймагт гэр бүлийн хүчирхийллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийгээд байна. Цаашид бүх аймгууд мэдээллийн нэгдсэн сантай болно" хэмэээлээ.
НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара:
"Цагдаагийн Ерөнхий Газрын тоон мэдээллээр 2017 онд 1,120 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөөс 936 нь гэмтэж, 9 хүн ам насаа алдсан, нийт хохирогчийн 92 хувь нь эмэгтэйчүүд байжээ.
Гэвч энэ тоон мэдээллийн цар хүрээ хязгаарлагдмал учраас нөхцөл байдлыг бүхэлд нь харах боломжгүй юм. Энэ төрлийн тоон мэдээллийг сайжруулахын тулд Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилттэйгээр НҮБ-ын хүн амын сан, ЦЕГ-тай хамтран eGBV буюу жендерт суурилсан хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн санг нээлээ.
Энэхүү сан нь гэр бүлийн хүчирхийллийн статистик тоон мэдээллийг сайжруулах, хүчирхийлэл үйлдэгчийг таньж тогтоох явдлыг хялбаршуулах зорилготой бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг гаргаж, хүчирхийлэл үйлдэгчдэд үйлдсэн хэргийнх нь хариуцлагыг хүлээлгэнэ.
Уг системд хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилдэг бүх хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүд холбогдсон бөгөөд 2018 онд ЭМЯ, ХЗДХЯ, ХННХЯ-ны тоон мэдээллийг тус санд нэгтгэхээр төлөвлөөд байна." хэмээлээ.
Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн сангаас хохирогчид үзүүлсэн тусламж үйлчилгээний төрлийг ангилж үзэхэд нэг цэгийн үйлчилгээний төвд хүргэж өгсөн 128, түр хамгаалах байранд хүргэж өгсөн 36, төрөл садан, ойр дотны хүний амгаалалтад хүлээлгэн өгсөн 1.289, асрамж халамжийн байгууллагад хүргэж өгсөн 24, эмнэлгийн тусламж үзүүлэхээр хүргэж өгсөн 232, нийгмийн ажилтанд мэдэгдсэн 40, хохирогчид тусламжийн хуудас хүлээлгэн өгсөн 75, шаардлагатай хэрэглээний эд зүйл авахад туслалцаа үзүүлсэн 6 гэж бүртгэгджээ.