Ажлаа эрт эхлүүлэх нь авто замын түгжрэлийг бууруулах нэг шийдэл
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг энэ 4 дүгээр сарын 15 -наас эхлэн өглөө 08.00 цагт эхлүүлж, орой 17.00 цагт өндөрлүүлж байхаар болов.
Нийслэлийн засаг даргын зөвлөл 4 дүгээр сарын 5-нд хуралдаж Улаанбаатар хотын төр , захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт ийм зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцээд дэмжсэн шийдвэр гаргасан юм. Энэхүү захирамжид нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн нийт 32 мянган албан хаагч хамрагдах ажээ.
Ажлаа эрт эхлүүлэх нь авто замын түгжрэлийг бууруулах нэг шийдэл хэмээн үзэж, Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын зүгээс өөрсдөө манлайлал гарган ажлын цагийн хуваарьтаа ийм өөрчлөлт оруулсан байна.
Энэ нь мөн авто замын ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилготой.
Төр, захиргааны байгууллагууд санаачлагаараа ажлаа эртлэн эхлүүлж байгаагаас үлгэрлэн хувийн хэвшлийнхэн ч “Эртэч Улаанбаатар”-т нэгдэх нь зөв юм.
Тун удахгүй бүтээн байгуулалт ид өрнөж, Монголд анх удаа найман урсгалтай давхар авто замууд барих ажил эхэлнэ. Тохижилт, үйлчилгээний ажлууд ч зэрэгцэнэ. Ид бүтээн байгуулалтын улиралд зарим замыг хэсэгчлэн хаах шаардлага тулгарна. Хувь, хувьсгалын бүх байгууллага ажлаа эрт эхэлж, эрт өндөрлүүлж байх нь авто замын ачааллыг тэнцвэржүүлэхэд чухал үүрэгтэй.
Төр, захиргааны байгууллагууд өглөө 08.00 цагт эхэлж байгаа бол хувийн хэвшлийн компаниуд 08.30 цагт эхлүүлж байхад буруудах зүйлгүй. Зарим их, дээд сургуулиудын хичээл өглөө 07.30 цагт эхэлдэг нь сэргэг оюунаар эрдэм номоо үзэхэд оюутнуудад хэрэгтэй байдаг гэдэг. Ийн гуч гучин минутын заагтайгаар байгууллагууд ажлаа эхлүүлэх нь замын хөдөлгөөнийг тэнцвэртэй байлгахад нэг шийдэл болох юм.
Монголчууд угаасаа аливаа ажлыг эртлэн эхлэхийг эрхэмлэдэг. “Эрт босвол нэгийг үзнэ. Орой унтвал нэгийг дуулна” гэдэг. Ажлаа оройтуулж, цалгардуулбал “Үд болтол унтаж, үхрийн дуунаар сэрэв” хэмээн зэмлэдэг. “Уруудахад унтах, идэх, өөдлөхөд санах, сэрэх” ч гэдэг.
Нийслэлчүүд даяараа “Эртэч Уланбаатарт”-т нэгдээд, өглөө эртлэн ажил, сургуулиа зорьж, орой эртхэн тараад гэр бүлийнхэн, үр хүүхэд, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлж, зусландаа тухалж, гэр орныхоо ажилд цаг заваа зориулж байвал тэдэнд л тустай.
Нийслэл Улаанбаатарт ид бүтээн байгуулалт өрнөж байсан 1960-70-аад онд бүх байгууллагын ажил 08.00 цагт эхэлж, үйлдвэрүүдийн яндангийн дуу ажилчдаа дуудан хүнгэнэж, гудамж талбай яарсан олны хөлд дарагдаж, үнэхээр нийтээрээ санах сэрэхийн замаар урагшилж байсан. Өнгөрсөн бүхэн муухай биш. Одоо тэр үеийн болж бүтэж байсан бүхнийг яагаад дахин сэргээж болохгүй гэж.
Гагцхүү нийтийн тээврийн үйлчилгээг одоогийнх шиг 07.00 цагаас бус 06.00 цагаас эхлүүлж, хүүхдийн цэцэрлэгийг өглөө 07.30-аас ажиллуулбал нийтээрээ “Эртэч нийслэлчүүд” болох боломж бүрэн байна.