Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

2018 оны 4 сарын 07

Arslan.mn

Энэ долоо хоногт улс орон даяар өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 

ЧУУЛГАНЫ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар ГУРВАН АСУУДАЛ хэлэлцэж, шийдвэрлэлээ ФОТО: УИХ-ын хаврын чуулганы НЭЭЛТИЙН АГШИН Arslan.mn

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган өнгөрсөн дүрэв гарагт  (2018.04.05 ) 10 цаг 04 минутад гишүүдийн 80.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон юм. 

БНТУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилж байна

ФОТО: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Туркийн Ерөнхий сайдыг төв талбайд угтлаа Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Эрхэм зочныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бинали Йылдырым нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа ганцаарчилсан уулзалт хийсэн юм. Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымын айлчлал маргааш өндөрлөнө. 

БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхлаа.

УИХ-ын дарга М.Энхболд Эрхэмсэг ноён, Ерөнхий сайд Бинали Йылдырымийг Монгол Улсад тавтай морилон саатахыг хүсээд, “Ерөнхий сайд Таны энэ удаагийн айлчлал Монгол, Туркийн харилцааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Та Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх олон чухал асуудлаар хэлэлцэн тохиролцсонд баяртай байна. Турк бол манай гуравдагч хөрш, олон зууны турш хөрш зэргэлдээ хаяа дэрлэн оршин нутаглаж байсан ахан дүүсийн эх орон. Тиймээс  бид Турк Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгч, бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байдаг” гэв.

Д.Гантулга: Өнөөдөр би яллах тогтоолоо авсан

Д.Гантулга: Өнөөдөр би яллах тогтоолоо авсан Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө өгөх гэж байгаа тухай албан бус эх сурвалжууд мэдээлээд байгаа билээ. Хэвлэлийнхэн  УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр энэ талаар өөрөөс нь асууж, тодруулахад

Тэрбээр "Олон удаа татгалзах саналтай байгаагаа илэрхийлсэн. Өөрийгөө шалгуулах, үнэнийг олж тогтоох тал дээр үргэлж идэвхитэй ажиллаж байгаа.

Өнөөдөр би яллах тогтоолоо авсан. Яллагдагчаар татагдсан учраас нарийн мэдээлэл өгөх нь хуулийн хүрээнд хориотой" хэмээсэн юм. 

Бага насны хүүхэд хүчирхийлэгчид цаазын ял оноох эсэх талаар АРД ИРГЭДЭЭС санал авна

Г.Уянга: Цаазын ял сэргээх санал асуулгыг ӨНӨӨДРӨӨС эхлэн явуулж байна Arslan.mn Ерөнхийлөгчийн тамгын газраас өнгөрсөн даваа гарагт цаазын ялын талаар хэвлэлийн хурал хийлээ.

Эрүүгийн хуульд цаазын ялыг бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн хэргүүдэд хэрэглэхээр санал оруулж байгаа юм байна.

Цаазаар авах ял хүнлэг бус хэдий ч хөл дээрээ ч тогтож чадахгүй байгаа хүүхдүүдийг хүчирхийлж байгаа учраас энэ асуудлыг гаргаж ирэхээс өөр аргагүй гэдгийг хэлж байна.

Цаазын ялыг тодорхой хэргүүд дээр зүйлчилж байгаа бөгөөд зөвхөн хүүхэд хүчирхийлэгчдэд ногдуулж байгаа учраас улстөрийн хэлмэгдүүлэлтэд ашиглах боломжгүй гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх  Г.Уянга хэллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хүчирхийлэгчдэд уучлал үзүүлэхгүй байхаар тогтсон бөгөөд цаазын ялыг энэ зүйл анги дээр сэргээх эсэх талаар ард иргэдээс санал асуулга авна гэдгийг хурлын үеэр мэдээллээ. 

Хүүхдийн мөнгийг нэмж 200 гаруй мянган хүүхдэд олгохоор Засгийн газрын хурлаар шийдлээ

Энэ сарын 1-нээс  228 мянга орчим хүүхдэд нэмж мөнгө олгохоор боллоо Arslan.mn

Улсын эдийн засаг сайжирч буйтай холбоотойгоор нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн орлого нэмэгдүүлэх ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхлүүллээ. Энэ хүрээнд хүүхдийн мөнгийг нэмж 200 гаруй мянган хүүхдэд олгохоор энэ долоо хоногийн Засгийн хуралдаанаас шийдвэрлэсэн байна.

Ингэснээр дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 860 гаруй мянган хүүхэд сар бүрийн тэтгэмжээ авахаар боллоо. 

Хотын дарга “Б.Цэрэндоржийн гудамж“-ийг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа

Хотын дарга “Б.Цэрэндоржийн гудамж“-ийг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр /2018.04.05/ захирамж гарган Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг хэвээр үлдээн, иж бүрэн тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Хотын даргын гаргасан захирамжид:

“Монголын барилгын үндэсний ассоциацтай байгуулсан Хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороны нутаг дэвсгэрт байрлах Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагад нийцүүлэн орчин үеийн архитектур төлөвлөлтийн шилдэг шийдлийн дагуу иж бүрэн тохижуулах ажлыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулах”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон НХТЕТГ-т тус тус даалгасан байна.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар   Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажлын  цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргалаа.  Авто замын  ачааллыг зохицуулах,  хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор  нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг  4 дүгээр сарын 15 -наас  08 цаг  00 минут, дуусах цагийг  17 цаг 00 минут байхаар тогтоолоо. 

Одоо мөрдөгдөж байгаа  захирамжаар  нийслэлийн төр захиргааны  байгууллагын ажил  08.30 цагт эхэлж, 17.30 цагт тарж байгаа юм. Шинэчилсэн ажлын цагийн хуваарьт нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн  32 мянган албан хаагч хамрагдах  юм байна

Үндэсний компаниуд нийслэлийн хаврын бүтээн байгуулалтыг дэмжиж, газраа чөлөөллөө

Arslan.mn

2018 онд улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар 90 ажил хийгдэнэ. Иргэдийн хувьд бүтээн байгуулалтын ажлыг маш их дэмжиж байгаа аж. Жишээлбэл, Налайх дүүргийн 20.9 км замд нийт 181 иргэн аж ахуйн нэгж өртсөнөөс одоогийн байдлаар 100 хувь газраа чөлөөлсөн. Дээрх иргэдийн 29-т нь нөхөн олговор олгосон бөгөөд бусад нь сайн дураараа газраа чөлөөлж өгсөн байна.

Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдэх Замын цагдаа орчмын олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын нөлөөлөлд нийт 22 нэгж талбар өртсөн. Үүнээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 17, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 3 нэгж талбар өртсөн. Нийт 20 нэгж талбар нь газраа чөлөөлж автозамын байгууламж болон инженерийн шугам сүлжээний шилжүүлгийн асуудлыг гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангасан. Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-тай зөвшөлцөх шатандаа явж байгаа ажээ. 

Нийтийн тээвэр картын хэрэглээнд бүрэн шилжээд нэг жил боллоо

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ цахим картын хэрэглээнд бүрэн шилжээд яг нэг жилийн хугацаа өнгөрлөө.

Төлбөрийн тогтолцооны тус өөрчлөлт нь амжилттай хэрэгжсэн бөгөөд үүнд нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдийн дэмжлэг чухал үүргийг гүйцэтгэлээ.
Нийтийн тээврийн үйлчилгээ зөвхөн картын хэрэглээнд шилжсэнээр зорчигч урсгалын нарийвчилсан судалгаа хийгдэж төрөл бүрийн статистик мэдээлэл гарч байгаа юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд буюу 2017.04.01-с 2018.04.01-ний хүртэлх цугларсан мэдээллээс товч харвал:
Өдөрт дунджаар 546,683 удаагийн зорчилт хийгдэж үүнээс 62,539 удаа дамжин суултын хөнгөлөлт эдэлсэн байна. Мөн дунджаар 93,453 удаа ахмад настан, 38,090 удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 40,834 удаа оюутан, 167 удаа хүндэт донор зорчиж байна.

СУВИЛАГЧИЙН орон тоо, цалинг нэмэхгүй бол улс орон даяар АЖИЛ ХАЯЛТ зарлана

СУВИЛАГЧИЙН орон тоо, цалинг нэмэхгүй бол улс орон даяар АЖИЛ ХАЯЛТ зарлана Arslan.mn

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар баасан гарагт мэдээлэл хийлээ.

Энэхүү  шаардлагад сувилагчийн орон тоог 9000-аар нэмэгдүүлэх, ангилал, зэрэглэл, доод жишгийн шинэчлэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг 50 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэх ажлыг энэ сарын 15-ны дотор эхлүүлэх зэргийг шаарджээ. Хэрэв тэдний шаардлагад хариу өгөхгүй бол тавдугаар сарын 12-ноос эхлэн ажил хаялт эхлүүлж, эмч, бусад ажилтнуудыг нь тэмцэлдээ оруулахаа МЭМАҮЭХ-ны дарга хэвлэлийн хурлын үеэр Б.Мягмар мэдэгдсэн юм. 

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН“-гийн нээлт боллоо

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН“-гийн нээлт боллоо Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллах  “Санамж бичиг”-ийн хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж байна.
Тус ажлын хүрээнд ЦЕГ-аас “Гэр бүлийн хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан”-ийн нээлттийн  арга хэмжээг  баасан гарагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.
Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн санд Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байранд үйлчлүүлсэн хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүд, хүүхдийн мэдээллийг нэгтгэснээр гэр бүлийн хүчирхийллийн бодит тоо мэдээлэл, хүчирхийллийн талаарх мэдээллийг бүрэн бүртгэх боломжтой болж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55791
0 эможи
keyboard_arrow_up