Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хоёр “ТОЛГОЙ“-той үндэсний бөхийн холбоо

2018 оны 4 сарын 09

МҮБХ шүүхэд ханджээ Arslan.mn

МҮБХ-нд сандал суудлын маргаан дэгдэж, олон нийтийн дунд нэр нөлөө бүхий хоёр эрхмийн хэн нь тус холбооны “жинхэнэ” тэргүүн гэдэг нь тодорхойгүй байгаа талаар бид нэг бус удаа мэдээлсэн.

Эргэн сануулахад, 2017 оны тавдугаар сарын 28-нд тус холбооны “Их эе” зохион байгуулагдахад 170 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн байдаг. Улмаар энэ хурлын төлөөлөгчдийн 99 хувийн саналаар МҮБХ-ны тэргүүнээр “Гацуурт”-ын Л.Чинбатыг сонгосон. Харамсалтай нь, МҮБХ-ны Р.Нямдорж тэргүүтнүүд энэ шийдвэрийг эсэргүүцэж, хүлээж аваагүйгээр үл барам “Тамгаа өгөхгүй, Бөхийн өргөөнөөс явахгүй” гэсэн юм. Ийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс энэ оны гуравдугаар сарын 14-ний 101/Ш32018/04928 тоот захирамжаар хариуцагч Р.Нямдоржийг МҮБХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг ашиглахыг хоригложээ.

Харин үүнээс зургаан өдрийн дараа буюу энэ сарын 20-нд МҮБХ-г “Их Эе”-ийг хуралдуулахтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг мөн хориглосон. Гэтэл шүүхийн ‘ энэ шийдвэрийг танилцуулахаар очсон албаны хүмүүсийг Р.Нямдорж, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан нар төрийн албан хаагчийн биед халдаж, хүч хэрэглэн Бөхийн өргөөнөөс хөөж гаргасан. Тиймээс хуулийн дагуу Бөхийн өргөөнд холбогдох албаныхан шууд нэвтрэн орсон байдаг.

Мөн гурван шатны шүүхийн шийдвэрээр МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж нарын үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн төдийгүй “Их эе” хурлыг зохион байгуулахыг хориглосон атал хурлаа хийж, тамга тэмдгээ УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд гардуулсан.

Харин “Гацуурт”-ын Л.Чинбатын талынхан буюу М.Төмөрсүх нарын хүмүүс МҮБХ-ны тэргүүн Л.Чинбатад хууль ёсны гэрчилгээ, тамгыг гардуулсан талаараа өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэд "Удаа дараа хууль бусаар үйл ажиллагаа явуулж бөхчүүд болон олон нийтийг төөрөгдүүлж, нийгмийн сэтгэл зүйг будилаантуулж байгаа Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын дараах үйлдлийг МҮБХ-ны шинэ удирдлага эсэргүүцэж мэдэгдэл гаргаж байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын гурван шатны шүүхээс 2011 онд МҮБХ-ны YI “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийг хүчингүй болохыг нотолж санал нэгтэйгээр шийдвэрлэсэн. Гэтэл зургаан жилийн дараа 2017 оны зургаадугаар сарын 22-нд уг хүчингүй болсон Цэцдийн зөвлөлийг хуралдуулж МҮБХ-ны YIII “Их Эе" гэгчийг зарласан нь хууль бус юм.

Хууль бус учраас хуралдуулж болохгүй гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Р.Нямдоржид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч “Их Эе"-ийг хуралдуулж, тэргүүнээр Б.Бат-Эрдэнийг сонгосон нь хууль бус. НШШГГ-аас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хууль бусаар хуралдсан МҮБХ-ны YIII “Их Эе”-ийн тухай мэдээллийг Улсын бүртгэл бүртгэхгүй байхыг удаа дараа мэдэгдсэн. Тиймээс Улсын бүртгэлд МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ гэсэн мэдээлэл байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн талынхан мөн өдөр мэдэгдэл гаргасан. Эл мэдэгдэлд “Журам зөрчиж хийсэн ээлжит бус "Их эе” цуглаанаас өөрсдийгөө МҮБХ-ны тэргүүн хэмээн өргөмжилсөн Л.Чинбат, Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар нар холбооны тамга тэмдэг гэх зүйлийг хууль бусаар нөлөөлж, авсан тул тэдний хууль ажиллагаанаас болгоомжлохыг нийт харилцагч байгууллага, хувь хүн, бөхчүүдэд сэрэмжлүүлж байна. Энэ хууль бус ажиллагааг зогсоохоор МҮБХ шүүхэд хандаад байна” гэжээ.

Ийн бие бие рүүгээ ноцсон хоёр “толгой”-той болсон МҮБХ-ны асуудал хэсэгтээ л шүүхийн байгууллагаар “шуурах” бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55809
0 эможи
keyboard_arrow_up