Б.Энхбаяр: Европын холбооны улс орнуудтай эрүүгийн харилцан туслалцааны гэрээ байгуулах талаар судалж байна
"Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлгийг Авлигатай Тэмцэх Газраас санаачлан өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Тагнуулын Ерөнхий Газрын төлөөллүүд оролцож илтгэл хэлэлцүүллээ.
Хууль Зүй Дотоод Хэргийн дэд сайд Б.Энхбаяр "Эрүүгийн эрх зүйн харилцан туслалцааны гэрээ гэдэг их чухал ойлголт. Гэмт хэргүүд даяарчлагдаж байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг ганцхан тухайн улсын дотор үйлдэгддэг гэхээсээ илүү мөнгө угаах, авлига албан тушаал, хүн худалдаалах гэмт хэргүүд илүү зохион байгуулалттай бөгөөд хил дамнасан шинжтэй болж байна.
Энэ утгаараа эдгээр төрлийн гэмт хэргийг илрүүлэх нотлох ажиллагаа ганц улсын хуулийн байгууллагын хүчин чармайлтаар шийдэгдэхгүй. Үүн дээр бусад улс орны ижил төрлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байж тухайн буруутай этгээдүүдийг шүүхийн өмнө нотлож, хариуцлага хүлээлгэх боломжтой. Ингэхийн тулд тухайн улс орнууд хоёр талын болон олон талт эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээнд нэгдэн орох шаардлага бий болж байна.
Манай улс эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх талаар 20 гаруй улстай 28 төрлийн гэрээтэй ажиллаж ирсэн. Эрүүгийн эрх зүйн харилцан туслалцах гэрээг 1968 онд анх байгуулж байсан.
Зарим улстай байгуулсан гэрээ цаг хугацаа нөхцөл байдлаасаа шалтгаалаад хоцрогдож байна. Тухайлбал, Энэтхэг улстай зөвхөн терроризмийн төрлийн гэмт хэргийг илрүүлэх тал дээр хамтарч ажиллана гэсэн гэрээтэй. Ингэхээр бусад төрлийн гэмт хэргүүдийн талаар мэдээлэл солилцох боломж гэрээгээр хаагдаж байгаа юм.
Энэ ч утгаараа сүүлийн үед улс орнуудтай байгуулж байгаа эрх зүйн харилцан туслалцааны гэрээн дээр бүх төрлийн гэмт хэрэгт хамтарж ажиллах асуудлыг анхаарч байна.
Хоёр долоо хоногоо өмнө манай улс Хонг Конгтой эрүүгийн харилцан туслалцааны гэрээ байгууллаа. Энэ асуудал УИХ-аар удахгүй батлагдана.
Европын холбооны улс орнуудтай уг гэрээг байгуулах талаар ХЗДХЯ судалж байна" гэв.
ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАН ТУСЛАЛЦААНЫ ГЭРЭЭ БОГИНО ХУГАЦААНД ХИЙГДДЭГ АЖИЛ БИШ
АТГ-ын тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням "Эрүүгийн хэрэг дээр эрх зүйн харилцан туслалцаа хэрхэн авах ёстой юм бэ. Шүүх нотлох баримтыг ямар хэмжээнд үнэлэх ёстой юм бэ, эрх зүйн харилцан туслалцааны гэрээс өөр бусад байдлын конвенциудын заалтыг бариад олон улсын ижил төстэй байгууллагуудаас авсан мэдээ мэдээлэл баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломж байна уу үгүй юу зэрэг асуудлаар хэлэлцүүлэг явагдаж байна.
Эрх зүйн харилцан туслалцааны гэрээ гэдэг нь богино хугацаанд хийгддэг ажил биш. Аливаа улс орнуудтай манай улс эдийн засаг, улстөрийн тааламжтай харилцаатай байдаг ч гэсэн эрх зүйн харилцан туслалцааны гэрээ нь урт хугацаанд байгуулагддаг.
Уг гэрээг цаад улсынхаа эрүүгийн процессын зүйл заалтыг өөрийн орны хуулийн зүйл заалттай уялдуулж байж байгуулна. Тухайн гэрээн дээр байгуулсан улстайгаа эрх зүйн харилцан туслалцааныхаа харилцааг үүсгээд явна" гэлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|