Нисэхийн замд ноцтой осол гарч хоёр хүн амиа алджээ
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн замд өчигдөр зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амиа алджээ. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр иргэн Ч-гийн эзэмшлийн “Пробокс” загварын автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Шевролет” загварын суудлын автомашин, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААҮГ-ын эзэмшлийн “Хьюндэй” загварын зорчигч тээврийн автобус хоорондоо мөргөлдөж автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагдсан байна. Хавчуулагдаж нас барсан иргэн Б гаргаж, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Харин иргэн Ч /58 настай, эрэгтэй/, А /58 настай, эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг гаргаж НТТТ-ийн шуурхай бүлэгт хүлээлгэн өгсөн байна. Харамсалтай нь иргэн А ГССҮТ-д хүргэгдэх замдаа нас баржээ. Үүнээс гадна автобусанд зорчиж явсан З /12 настай, эмэгтэй/ хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НТТТ-ийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.