АНХААР! Фэйсбүүкт мөнгө зээлдүүлэх нэрээр залилан хийж байна
Фейсбүүк, зарын сайтуудаар их хэмжээний мөнгийг бага хүүтэй зээлүүлнэ гэсэн нэрээр цахим орчинд залилан хийж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Монгол Улсад үйлдэгдэж буй Цахим залилангийн гэмт хэрэг дараах хэлбэрүүдтэй байна. Үүнд:
- Мөнгө зээлдүүлэх нэрээр хийж буй залилан
- Романс залилан
- Цахим хаягт хууль бусаар нэвтэрч хийж буй залилан
- Сугалааны залилан зэрэг болно.
Тухайлбал сүүлийн үед фейсбүүк, зарын сайтуудаар их хэмжээний мөнгийг бага хүүтэй зээлүүлнэ гэсэн хуурамч зарууд ихээр явах болсон ба ихэвчлэн хуурамч хаяг үүсгэн өөрийгөө банк санхүүгийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг гэх мэтээр мэхэлж зээлийн бичиг баримт орчуулгын төлбөр, мөнгө шилжүүлэх хураамж зэргээр мөнгө шилжүүлэхийг шаардаж залилангийн гэмт хэрэг үйлдэж байна.
Гэмт этгээдүүд бүгд гадаадын улсын иргэд байдаг тул хохирогчдын итгэлийг олох зорилгоор google.translate /орчуулгын программ/ ашиглан монголоор бичих, монгол хүний нэр зураг ашиглан хуурамч фейсбүүк хаяг нээж, зээл өгсөнд баярлалаа гэх мэт худал сэтгэгдэл, мэдээлэл тараах, хуурамч бичиг баримт зураг янзалж өөрчлөн явуулах зэрэг олон арга ашиглаж байна. Жишээ нь доор дурдсан хуурамч фейсбүүк хаяг ашиглаж өөрийгөө зээл өгдөг банкны ажилтан мэтээр мэдээлэл бичиж байршуулсан байгааг харж болно.
Мөн романс луйвар нь интернет орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлддэг ба 2017 онд Монгол Улсын 7 иргэн Индонез улсаар дамжууланНигер улсын гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөн хохирсон байна.
Гэмт этгээдүүд сошиал сайтуудаар хохирогчдын судалгааг нарийвчлан хийж тэтгэврийн насны, ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоож ихэнх тохиолдолд өөрийгөө АНУ-ын армид удирдах албан тушаалтай хэмээн танилцуулан удаан хугацааны туршид харилцаж итгэлийг олж авч, улмаар Монгол Улсад очно, хамт амьдарна, аль нэг гадаад улсын дансанд гацсан их хэмжээний мөнгөө Монгол Улс руу гуйвуулахад гарах зардал, шимтгэл гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө гадаад улсын данс руу шилжүүлэн авч байна.
Зээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө, мөнгө шилжүүлнэ гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягнаас зарын группуудээр тарааж байна. Гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байна.
Иргэд өөрийн танихгүй хүнийг сошиал орчин хүрээлэлдээ оруулах, өөрсдийн хувийн мэдээллээ сайтар нууцлаагүйгээс гэмт этгээдүүдийн бай болж байна. Уг гэмт хэргийг үйлдэж буй этгээдүүд гэмт үйлдлээ гадаад орноос хийдэг, ашиглаж буй цахим болонIP хаяг нь хуурамч, олдох боломжгүй, олон улс дамнасан байдгаараа бусад хэргээс ялгаатай байдаг.
Танд зээл өгнө, мөнгө явуулсан, та азтан боллоо хэмээн харилцаж буй хүн бол гэмт этгээд байдаг гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Дээрх гэмт хэрэгт өртөхгүй байх нь иргэн таниас шууд хамаарна.Иймд дээрх мэдээлэлд дурдагдсан мессеж, мэдээлэл танд ирсэн тохиолдолд харилцахгүй байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
|