Алга болсон хүүгийн биеийн байдал тогтворжсон, эмчилгээ хийлгэж байна
Багануур дүүрэгт сураггүй алга болсон гурван хүүхдийн хоёр нь осгож нас барсан, нэг нь осгосон байдалтай олдсон байна.
Таван настай, эрэгтэй Б, Ц хоёр гурван настай дүү Б-гээ дагуулан дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн /2018.04.11/ 14:00 цагийн орчимд гадаа тоглохоор гарчээ. Гэвч тухайн өдрийн 20:00 цагийн орчимд “Манай гурван дүү өдөр гадаа тоглохоор гараад одоог хүртэл сураггүй байна” гэх дуудлага Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст иржээ.
Дүүргийн цагдаагийн хэлтэс, онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, эрэн сурвалжлах ажиллагааны хүрээг тэлж явуулснаар дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 10.25 цагт мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Наранбаяраар ахлуулсан эрлийн хэсэг сураггүй алга болсон хүүхдүүдийг Багануур дүүргийн төвөөс 9 км зайд Хэрлэн голын дагуух Улаан эрэг гэх газраас олсон байна.
Хэргийн газарт очиход таван настай Б осгосон байдалтай, таталт өгч байсныг эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлж, дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэж, эрчимт эмчилгээ хийлгэснээр биеийн байдал тогтворжсон бөгөөд эмчилгээг үргэлжлүүлж байгаа аж. Харамсалтай нь таван настай Б, гурван настай Ц нар ил харагдах гэмтэл шархгүй, осгосон байдалтай нас барсан байсан бөгөөд урьдчилсан байдлаар осголтын улмаас нас барсан гэх дүгнэлт гарчээ. Уг хэргийг Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Иймээс эцэг, эх, асран хамгаалагчид та бүхнийг үр хүүхдэдээ байнга анхаарал, халамж тавих, тэднийг хаана юу хийж яваад нь үргэлж анхаарч байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.