“Буянт-Ухаа II” хорооллыг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлнэ
“Буянт-Ухаа II” хорооллын 972 айлын 18 барилга 80 хувийн гүйцэтгэлтэйгээр зогссон. Тэгвэл барилгын дутууг Хөгжлийн банкны санхүүжилтээр үргэлжлүүлж, ирэх арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөж байна. “Буянт-Ухаа II”-оос гадна дөрвөн аймагт ТОСК-ийн үлдээсэн барилгуудыг гүйцээж барихаар Хөгжлийн банкнаас 55 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдээд байгаа аж. Хөгжлийн банкнаас авсан зээл гэрээний дагуу хүү тооцох бөгөөд одоогийн байдлаар ТОСК-д 334 тэрбум төгрөгийн өр үүссэн байна.
Энэ тухай Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн 'ТОСК шиг байгууллага бусад оронд барилга барих гүйцэтгэлийн ажил хийдэггүй. Зохицуулалт хийх хэлбэрээр ажилладаг. Өөрөөр хэлбэл сан байгуулж, барилгачдаас байрыг нь худалдан аваад, иргэдэд урт хугацаагаар олгодог ипотекийн зээлийн гол эргэлтийг бий болгох үүрэгтэй. Гэтэл манайд энэ нь эсрэгээрээ явсны уршиг өнөөдөр гарч байна. ТОСК Буянт-Ухаа болон зарим аймагт 200-1000 айлын орон сууц барихаар эхлүүлж, санхүүжилтээс үүдэн барилгын ажил зогсоод байгаа. Тиймээс Засгийн газраас энэ ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гарган барилгын ажлыг гүйцээхээр боллоо. Түүнчлэн найман хувийн орон сууцны зээл зогсонги байдалд орсон нь Төрийн орон сууцны корпорацийн эхлүүлсэн ажил зогсонги байдалд ороход нөлөөлсөн” хэмээлээ.