Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Т.Эрхэмбаатар: Сүлжээний залилангаар 35 мянган иргэн 56 тэрбум төгрөгөөр хохирсон

2018 оны 4 сарын 19

Arslan.mn

Улсын мөрдөн байцаах албаны  Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Эрхэмбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

 -Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр сүлжээний луйврын аргаар хэдэн хүн, хэр их мөнгөөр хохироод байна вэ?

-Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн байцаах алба хамтран энэ сарын 11- 25-ны өдрийн хооронд Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна.  Сүүлийн үед пирамид тогтолцооны луйврын арга ашиглаж “Сүлжээний бизнес” нэрийн дор бусдыг залилах гэмт хэрэг их гарч байна.

Монгол Улсад бүртгэгдсэн сүүлийн гурван жилийн нийт гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад залилах гэмт хэрэг 2016 онд 7.9, өнгөрсөн жил 9.2 хувийг эзэлж байсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар 12.7 хувьд хүрсэн нь энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх тусам өсөж байгааг харуулж байна.

Сүүлийн жилүүдэд шууд борлуулалтын худалдаа нэрээр халхавчилж олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаар бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах болон хөрөнгө оруулалтын сангийн нэрийдлээр хууран мэхэлж хохироох шинжтэй хууль бус үйлдлийг олон төрлийн арга хэлбэрээр цахим мэдээллийн сүлжээ ашиглаж олон нийтэд хүргэн “Сүлжээний бизнес” нэрийн дор гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүд иргэдийг төөрөгдүүлж залилах явдал газар авч үүний улмаас хохирсон иргэдийн тоо өсөж байна.

Тухайлбал, пирамид хэлбэртэй сүлжээний залилангаар 35 мянган иргэн 56.5 тэрбум төгрөгөөр хохирсон. Ийнхүү пирамид тогтолцооны аргаар залилах үйлдэл газар авч иргэдийн санхүүгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа учраас урьдчилан сэргийлэх шаардлагатай. Үүнд иргэдээс гадна цагдаагийн байгууллага анхаарал хандуулж ажиллаж байна.

-Сүлжээний луйврын арга нарийсаж, шинэ төрөл хэлбэрээр иргэдийг залилах болсон гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага өгсөн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Пирамид тогтолцооны аргаар ашиг хонжоо олж байгаа нь бизнес цэвэр луйврын шинжтэй учраас дэлхий нийтээр хориглож байна. Пирамид луйварт дахин дахин  итгээд байгаа шалтгаан нь нэрээ өөрчилдөг, өндөр цалин урамшуулал амладаг, бараа бүтээгдэхүүнээр өнгөлөн далдлагдсан хэлбэрт шилжиж арга нь улам нарийсаж байна. Өндөр үр ашиг, өгөөж ногдол амлахад иргэд эргэн тойрны хүмүүсээ татан оруулдаг. Энэ мэтчилэн үргэлжилсээр эцэстээ гишүүнээр элсэх хүнгүй, эргэлтийн бараа бүтээгдэхүүнгүй учир луйврын пирамид нурдаг. Үүнээс иргэдэд хялбар аргаар мөнгө олох, өсгөх сэдэл санааг төрүүлдэг. Иргэд луйварт хууртаж машин , орон сууцаа барьцаанд тавьж, эд зүйлээ ломбардаж гишүүнээр элсэж байна.

-Сүлжээнд элссэн иргэд урамшуулал, цалин авч амжилтад хүрэх мэтээр нийтлэг ойлгодог шүү дээ?

-Пирамид тогтолцооны луйврын аргаар бусдаас мөнгө төвлөрүүлж түүнээс урамшуулал, цалин зэргээр ашиг хүртэж байгаа хүмүүс хэзээ ч амжилтад хүрч байгаагүй. Гишүүнчлэл тасралтгүй нэмэгдэж байхад ашигтай, цалинтай, орлоготой мэт байвч удаан хугацаанд үргэлжлэхгүй. Бодитой бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй учир эргэлтгүй болж пирамид нурдаг.

-Иргэд урьдчилан сэргийлэх талын мэдлэг, мэдээллийг хаанаас авах вэ?

-Үр өгөөж нь хэр бодитой, математик тооцооллоор хэр үндэслэлтэй зэрэг бодит мэдээллийг авахын тулд энэ талын мэдлэг, мэдээлэл бүхий хүнээс асууж нягтлах хэрэгтэй. Мөн хуульчаас зөвлөгөө авч санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх нь сүлжээний луйвраас өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ сэргийлэх боломжтой.

2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуульд Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэргийг хуульчилсан.

Энэ төрлийн гэмт хэрэгт Мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол 5-12 жилийн ял шийтгэхээр хуульчилсан. Тиймээс цагдаагийн байгууллага гэмт хэрэг үйлдэгдсэний дараа биш урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56240
1 эможи

keyboard_arrow_up