Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Фэйсбүүкчид ээ, Цагдаатай хамтарч “АНГУУЧДЫГ АГНАЯ“

2018 оны 4 сарын 23

Arslan.mn

Миний эргэн тойронд маш олон, бүр хэтэрхий олон хүн цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол гарлаа. Баргийн хүнд хууртахааргүй тэд маань яагаад хүүхдэдээ тоглоом авч өгөлгүй харамлаж чаддаг хэрнээ хоёрхон өгүүлбэрээр өчүүхэн “зовлон" тоочиж уяраасан, дэлгэцнээс зүс үзсэн төдий “фэйсбүүкийн найз"-ынхаа дансыг аваад л, хэдхэн хормын дотор хохирогч болчихдог юм бол.

Энэ ч бүр дүүрч. Мэргэжил нэгт найз минь ийм төрлийн гэмт хэрэгтэн болсноороо салбарынхандаа гайхагдах нь тэр. Олны танил болтлоо амжилт гаргасан нь найзын минь буруу биш. Гэхдээ интернэт залилагч болж гүтгэгдэхэд олонд танигдсан нэр нь л хамгийн их нөлөөлжээ.

Учир нь найз минь “интернэт залилагч” болсноо мэдээгүй нэлээд удсан. Дотны хүмүүс нь түүнд энэ талаар дуулгахад ёстой “шок’’-нд орох нь тэр. Түүний нэрийг барьсан гуйлгыг 10 мянган “фэйсбүүк найз” нь харсан. Гэвч түүнийг нууц үгээ алдсан, өөрөө хэзээ ч тийм үйлдэл хийгээгүйг нь тэдгээрийн дөнгөж тал хувь нь л мэдсэн байх. Ингээд интернэт залилангийн гэмтэн цахим луйвраас гадна бусдын нэр хүндийг гутаасан, бусдын нэрийг барьж хууран мэхэлсэн гээд давхар давхар хэрэг үйлдсэн болж таарна.

Энэ тохиолдолд хохирогч яадаг вэ гэдгийг өөрийнхөө хэмжээнд судалж үзлээ. Товхийсэн тооцоотой, мэдээлэл сайтай нь цагдаагийн байгууллагад ханддаг юм байна. Гэтэл “далаараа цэвэр тавиулсандаа” ичиж нэрэлхсэн, бас ч “илүүчилсэн” мөнгөөрөө тэгтлээ дутахааргүй гэж өөрийгөө үнэлдэг зарим нь хохирогч болсноо нуугаад, буянтны дүр эсгэн энэ асуудлыг мартдаг. Нөгөөтээгүүр цагдаад хандаад хэрэгтэн олдоно гэж итгэдэггүй, өөрөө энэ хэргийн хохирогч болсноосоо ичдэг нь ч нөлөөлдөг биз. Тэд бол энэ гэмт хэргийг өөгшүүлэгчид.

Хуулийн хэлээр бол гэмт хэргийг нуун дарагдуулсан гээд хариуцлага хүлээх ч ёстой. Учир нь яг энэ хэсгийнхнээс болж “амташсан хэрээ 13 эргэнэ” гэгчээр интернэт луйварчид дараа дараагийн байгаа онилдог.

Тэгвэл интернэт луйвартай хэн тэмцэх ёстой вэ. Юуны өмнө цагдаа гэх байх л даа. Мэдээж хууль зөрчигдөж байгаа учраас ачааны хүнд тэдэн дээр ирнэ. Гэхдээ хуулиараа Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооныхон энэ тал дээр бүрэн хяналт тавьж ажиллах ёстой юм. Учир нь цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд хяналт тавьж, шалгаад, урьдчилан сэргийлэх бүх нөлөөллийн ажлыг хийгээд явж байгаа ч бүх талаар нь таслан зогсоох хууль, эрх зүйн орчин бүрдээгүй байна.

Санхүүгийн зохицуулах хороо л гэхэд энэ талаар үүрэг хүлээдэг гэдгийг нь олон нийт төдийлөн мэдэхгүй. Хөндлөнгөөс харахад ББСБ, ломбардуудад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгодог, тэдэнтэй хамтарч ажилладаг, ашиг орлогыг нь хэмжиж тайлагнадаг, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг л газар гэж харагддаг.

Харин Монголбанкны хувьд хяналт шалгалтыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг тул хуулийн байгууллагынханд туслах үүргийг тодорхой хэмжээнд хүлээх ёстой болов уу. Учир нь Монголбанк мөнгөний талаар төрийн бодлого хэрэгжүүлдгийн хувиар цахим луйврыг илрүүлэх гэж ажиллаж буй цагдаагийнханд данс хянах зэргээс эхлээд мэргэжлийн зөвлөгөө өгч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахаас татгалзахгүй болов уу. Бодлогын хүрээнд тэд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхээс эхлээд энэ талаар мэргэжлийн өндөр туршлагатай билээ.

Тэгвэл цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар юу хийдэг юм бол.

ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, бусад харьяа алба, хэлтсүүд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх олон ажлыг тогтмол зохион байгуулж хэрэгжүүлдэг. Гэхдээ залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн том ажил бол иргэд, олон нийтэд энэ төрлийн гэмт хэргийг ойлгуулах, анхааруулах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх тал дээр мэдээ, мэдээлэл өгч, учирч болох аюулыг ойлгуулах явдал байдаг аж.

Мөн залилангийн гэмт хэрэг нь нэг хүнийг залилаад зогсохгүй, дам дам хохирогчдыг давхар бий болгож байдаг онцлогтой. Зөвхөн цахим гэмт хэргийн улмаас гэхэд л сүүлийн гурван жилд нийт 197 иргэн, хуулийн этгээд 3.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэнэ.

Энэ талаар ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахмад Х.Түвшинбаяр хэвлэлд ярилцлага өгчээ. Түүний ярианаас үзвэл цагдаагийн байгууллагаас олон шалгалт хийгдэж, маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж. Үүний үр дүнд бас ч тодорхой хэмжээгээр энэ төрлийн гэмт хэрэг буурдаг юм байна.

Ялангуяа иргэдийг цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах идэвх сонирхолтой, хохирогч болсон нь бусдыгаа хохирогч болохоос урьдчилан сэргийлэхэд туслах, өөрийг нь хохироосон гэмтэн хариуцлага хүлээх ёстой. Түүнийг цагдаад мэдээлж урьдчилан сэргийлэх арга хэмжээнд оролцсоноороо дараагийн хохирогч аль болох цөөн байх, нэг ч атугай фэйсбүүкийн найзаа энэ төрлийн гэмт хэргээс хамгаалж байгаа хэрэг юм гэдгийг олон нийт тодорхой хэмжээнд ойлгох болжээ.Цагдаагийн байгууллагынхан энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд их судалгаа хийдэг юм байна.

Arslan.mn

Товчхондоо фэйсбүүк луйварчныг ангуучлахын тулд фэйсбүүкээр их “тэнэж" тэдэнтэй тэмцэх аргаа боловсруулна. Дээр дурдсан, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахмад Х.Түвшинбаярын ярьснаар бол “өргөн тархсан интернэт сүлжээг ашиглан гадаадын гэмт этгээдүүд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг залилах, тэдний итгэлийг олж аван хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь өөрийн болгох, дансаар мөнгийг нь шилжүүлэн авах зэрэг гэмт хэргийн олон төрлүүд бүртгэгдэж байна. Залилан мэхлэх гэмт хэрэгт бага насны хүүхдээс эхлээд ахмадууд хүртэл бүх насныхан өртөж байна.

Хэн ч хохирогч болохыг үгүйсгэхгүй ийм орчин үүсчихээд байгаа юм байна. Гэмт этгээд таны фэйсбүүк руу код хуулах программ явуулж, энэ линк руу ороод лайк дараад дэмжээд өгөөрэй гэсэн хэлбэрээр илэрдэг. Сонирхож байгаа хүн ороод лайк дарангуут таны код шууд тусгайлан бэлдсэн програмаар хуулагддаг. Дараа нь таны фэйсбүүк хаягны кодыг чинь өөрчлөөд мессенжер чатыг шалгаж байгаад хэнтэй их харилцаж байгааг судлан “найз 200 мянга төгрөг зээлэх үү, долоо хоногийн дараа өгнө" гэх хэлбэрээр 10-20 хүн руу мэссэж бичнэ. Энэ хүмүүсээс дөрвөн хүн тутмын нэг нь заавал мөнгө өгч байгаа нь шалгалтын явцад харагдсан” гэв.

Мөн “Хэрвээ фэйсбүүк аккаунтаа ашиглан мэдээлэл авах гэж байгаа бол заавал албан ёсны вэб сайт, албан ёсны аппликейшнээр хандах хэрэгтэй. Фэйсбүүк дотор урсаад явж байгаа ямар ч хамаагүй линкийг нээх нь таныг эрсдэлд оруулж болзошгүй гэдгийг анхааруулъя.

Хэрвээ цахим орчин, фэйсбүүкийг өдөр тутам ашигладаг бол нууц үгээ долоо хоногт, арав хоногт зэргээр тодорхой хугацаанд заавал сольж байхыг зөвлөж байна. Ингэснээр, та хуурамч сайтаар фэйсбүүкийнхээ нууц үгийг алдсан ч тухайн гэмт этгээд таны нууц үгийг ашиглаж амжаагүй байхад сольж, өөрийгөө гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна” гэдгийг анхааруулсан юм.

Ямартай ч хормын дотор сайн дураараа хохирогч болж интернэт залиланг өөгшүүлэх, хуруугаараа хэдхэн үсэг товшоод гэнэт баяждаг, үгүйдээ л гэхэд ашиг хонжоо олдог энэ байдлыг таслан зогсооход фэйсбүүкчдийн хувь нэмэр их аж. Төгсгөлд нь хэлэхэд “Фэйсбүүкид нэгдэж ангуучдыг агнавал’’ ямар вэ. Нэгнээ гэмт хэрэгтэн болохоос нөгөөг нь хохирогч болохоос хамгаалах гээд үзье, тэгэх үү.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56348
3 эможи

Аидын
2023-12-05 19:11
.
keyboard_arrow_up