Хүүхэд хөдөлмөр эрхэлдэггүй, харин боолчлогддог
Нэгэн кафед сууж байтал тааруухан хувцастай халтардсан царайтай, 10 орчим насны хоёр хүүхэд орж ирлээ. Тэд кафены ажилчид ойр хавьд байгаа эсэхийг хулгайн нүдээр харчихаад “Та бохь авах уу” гэв. “Үгүй ээ, авахгүй”, “Ээ авчих л даа”, “Чадахгүй”, “Авчих гэж байна шүү” гэх зэрэг яриа хэсэг өрнөсний эцэст түүний “бараа”-г кафед сууж байсан хоёр ч хүн авлаа. Тэднийг өрөвдөхийн зэрэгцээ хажууд нь үглэж зогсохоос төвөгшөөсөн хэрэг. “Та хоёр бохь зарж олсон мөнгөөрөө юу хийдэг юм бэ” гэж асуухад нэг нь “Би түрүүн парк орж тоглосон” гэтэл нөгөөдөх нь хажуунаас нь нударч, толгой сэгсрээд “Үгүй ээ, бид аав, ээждээ аваачиж өгдөг” гэв. Төд удалгүй тэд гарч явлаа. Тэд олсон мөнгөөрөө тоглодог эсэхийг мэдэхгүй. Харин гэрийнхэндээ аваачиж өгч байж “Сайн хүүхэд” гэх тодорхойлолтод багтана гэж ойлгодог нь гарцаагүй үнэн юм.
Гэхдээ аав, ээжээсээ “сайн” үнэлгээ авахын тулд хийж буй ажил нь хүүхдийн сурч боловсрох боломжийг хааж, эрүүл мэнд, хүмүүжилд нь муугаар нөлөөлж байвал энэ зүгээр ч нэг хүүхдийн ажил биш гэсэн үг. Хүүхдэд тоглох эрх бий. Найз нөхөдтэй болж, нийгэмшиж, хөгжих эрхээ ч бас эдлэх ёстой. Харин энэ бүгдийг зөрчиж, өөрийн болон өрөөл бусдын аж амьдралыг авч явахаар хөдөлмөрлөхийг хуулиар хориглосон байдаг. Тэр тусмаа хортой, аюултай нөхцөлд, мөлжлөгийн шинж чанартай ажил хийж байгаа бол түүнийг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр хэмээн авч үздэг билээ.
Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олон асуудал бий. Судалгаануудаас харахад хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн дийлэнх нь хөдөө аж ахуйн салбартай холбогддог. Тэд бол малчдын хүүхэд гэсэн үг. Гэвч хуулинд “Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байр”-ны жагсаалтад цаг агаар муудсан үед мал хариулахаас эхлээд гуйлга гуйх хүртэл багтсан байдаг юм. Түүнээс гадна хүүхдүүд гэрийнхээ бизнест цалин хөлсгүй оролцох нь ч бий. Гэхдээ ар гэрийнх нь амьдралын боломж тааруу хүүхдүүд ихэвчлэн хүнд нөхцөлд ажилладаг нь нэгэнтээ нотлогдсон зүйл. Тэдний дунд аав, ээждээ тусалж, амьдралдаа жаахан ч гэсэн нэмэр болохыг хичээж буй нэгэн байхад эцэг, эхийнхээ архины мөнгийг олохын тулд зах дээр зогсож байгаа хүүхэд ч цөөнгүй. Тэр ч байтугай өвлийн хүйтэнд ээждээ тэврүүлээд гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүүхэд ч хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлсээр байгаа юм. Гэхдээ энэ бол буруу зүйл гэдгийг тэдний хажуугаар зөрөн өнгөрч байгаа хүн бүр мэддэг ч яаж үүнийг өөрчлөх вэ гэх асуултын хариултыг олдоггүй. Хүүхэд хөдөлмөр эрхлэхэд хүргэж буй гол шалтгаанд ядуурал, эцэг, эхийн боловсрол дорой байдал, гэр бүлийн таагүй орчин, өөрийн гэсэн мөнгөтэй байх гэсэн хүүхдийн хүсэл шалтгааныг дурьдаж болно.
Монгол Улс 1999 оноос Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн эрх, хөдөлмөрийн талаарх холбогдох конвенцуудад нэгдэн орсон юм. Тэр үеэс хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоохын тулд бодлогын хэмжээнд анхаарч эхэлжээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хүүхдийн хөдөлмөрийн стандартыг шинэчлэх үүднээс салбар, салбарын хуульд мониторинг хийсээр байгаа. Хүүхдийн ямар хөдөлмөрийг хориглох вэ. Хориглох эрхзүйн тогтолцоог яаж боловсронгуй болгох вэ. Хүүхдийн хөдөлмөрийг ямар нөхцөлд зөвшөөрөх вэ гэх мэт олон асуултын хариулт эндээс улам бүр тодорхой болсоор байна.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэж чухам юу вэ. Бэлгийн мөлжлөг, хууль бус үйл ажиллагаанд хүүхэд оролцуулах, хил дамнан худалдах, аюултай нөхцөлд ажиллах зэргээр хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг тодорхойлж болно. Эдгээр нөхцөлийг хориглох нь зайлшгүй юм. Түүнээс гадна хүүхдүүд насанд хүрсний дараа хөдөлмөрийн зах зээлд гараад өрсөлдөх чадвартай байх ёстой. Тиймээс тодорхой насны хүүхдүүдийг цааш нь хөгжүүлэх, хүмүүжүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс хөдөлмөр эрхлэхийг нь тодорхой түвшинд зөвшөөрөх боломжтой аж.
Өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай Үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталсан юм. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Шаардагдах хөрөнгийг ирэх оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн багц, гадаадын зээлээр санхүүжүүлэх төслийн жагсаалтад тусган оруулж байхаар боллоо. Аз болоход манай Засгийн газраас хэрэгжүүлж буй хүүхдийн хөдөлмөрийн талаарх үйл ажиллагаа, санал олон улсын түвшинд үнэлэгддэг. Тиймээс тодорхой хугацааны дараа гэхэд үр дүнд хүрнэ гэж найдаж болохоор.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санаачилгаар жил бүрийн зургаадугаар сарын 12-ныг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг” өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн. Магадгүй онгорхой хаалгаар булталзан “Та бохь авах уу” хэмээн шалж байсан хоёр хүүгийн хувьд дараа жилийн зургаадугаар сарын 12 өмнөх жилүүдийнхээс өөр ч байж мэдэх юм. Тэд бохь зарахаа больдоггүй юм аа гэхэд ядаж эндээс олсон мөнгөөрөө паркад тоглосон тухайгаа нүүр бардам, хэнээс ч айж эмээхгүйгээр хэлж чаддаг болсон байх биз.