Э.БӨХБАТ: Маргаашнаас нийслэлийн зарим уулзварууд ЦАГДААГИЙН БИЕТ ЗОХИЦУУЛАЛТГҮЙ болно
Замын цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ШУУД ҮЗЭХ:
ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат
"Замын цагдаа замын хөдөлгөөнд зохицуулалт хийх дөрвөн удаагийн эрх байгаа. Бусад тохиолдолд зохицуулалт хийх үүрэг байхгүй.
2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс хойш Улаанбаатар хотын зарим уулзварууд цагдаагийн ямар нэгэн биет зохицуулалтгүй болно. Үүнд Баянгол дүүргийн Өргөө кино театр, Ахуй үйлчилгээний төв, гэмтлийн баруун урд уулзвар зэрэг багтана.
Улаанбаатар хотод 300 гаруй уулзварууд бий. Үүний 60-70 хувьд нь цагдаа бие зохицуулалт хийж байна. Сүүлийн үеийн судалгаагаар замын хөдөлгөөнд оролцогчдын соёл сайжирч байгаа учраас цагдаагийн байгууллагынхан маань эдгээр хүмүүстээ найдаж байгаа юм. Дэлхийн бусад орнуудад цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулдаггүй. Манай улсад л ийм хандлага байдаг. Хэн нэгэн би гэсэн хүний үүсгэсэн түгжрэлийг цагдаа очиж зохицуулах шаардлагагүй.
Хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайтар мөрдвөл замын хөдөлгөөнд хүндрэл үүсэхгүй. Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо сахилга баттай байгаасай гэж уриалмаар байна.
Манай улсад 900 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Замын цагдаагийн нэг албан хаагч 1,000 орчим тээврийн хэрэгсэлд хяналт тавих болчихоод байна. Улсын төсвөөс орон нутгийн замд шинээр 27 постыг барихаар төлөвлөөд байгаа. 21 аймгийг зургаан бүс болгон хувааж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгууллаа" гэлээ.
Уг мэдээллийн дараа залилан мэхлэх гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэл өгсөн юм.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Цогтсайхан
"Цагдаагийн байгууллагаас дөрөв дүгээр сарын 1-ээс тав дугаар сарын нэгнийг хүртэл "Хүүхдээ хамгаалъя", "Залилангийн гэмт хэргээс сэргийлэх" сарын аяныг эхлүүлээд байна. Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн статистикаас харахад залилах гэмт хэргийн тоон үзүүлэлт өссөн дүнтэй байна.
Олны анхаарлын төвд байгаа сүлжээний гэмт хэргүүд залилангийн хэргийн дийлэнхийг эзлэж байна. Иргэдийн хувьд залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон бол нэн даруй цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.
Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ тавдугаар сарын 01-нийг хүртэл явагдана. Залилангийн гэмт хэргээс болж 56.5 тэрбум хөрөнгийн хохирол учраад байна. Жил хүрэхгүй хугацаанд 35 иргэн залилан мэхлэх гэмт хэргээс болж хохирсон байна" хэмээлээ.