Р.Батнасан: “МИАТ” компанийг хувьчлах асуудлыг 2020 онд шийдвэрлэх ёстой
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн хувьчлалын асуудлаар тус компанийн ажилчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
ШУУД ҮЗЭХ:
Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч Р.Батнасан:
“МИАТ” компани паркийн шинэчлэлт хийгээд, дэлхийд өрсөлдөхүйц болж байна. Энэ цаг үед хувьчлах асуудал яригдаж эхэллээ. Энэ бол зайлшгүй хийгдэх ёстой зөв ажил. “МИАТ” компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан ард иргэдэд хөнгөлөлттэй тарифаар үйлчилж байгаа ганц унаа. Өөр ямар ч компанийн онгоц залуучууд, гэр бүл, ахмад настнуудын хөнгөлөлт үзүүлдэггүй. Харин “МИАТ” компани хөнгөлттэй тарифаар үйлчилдэг. Хэрэв “МИАТ” компани байхгүй болчихвол гадны компаниуд бидэнд ингэж хөнгөлөлт үзүүлэхгүй.
“МИАТ” компани сүүлийн жилүүдэд маш сайн ажиллаж байгаа. Өнгөрсөн жил 59 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж Улсын төсөвт 9.8 тэрбум төлсөн. “МИАТ” компанийг хувьчлах хараахан болоогүй байна.Ойролцоогоор 2-3 жилийн дараа хувьчлах байх гэж үзэж байгаа” гэв.
“МИАТ” компанийн “Бойнг 737” агаарын хөлгийн дарга, Нисэх бүрэлдэхүүний холбооны гишүүн Б.Баярхүү:
"МИАТ компани үнэтэй онгоц авч мөнгийг нь “Чингис” фондоос төлсөн гэх худал мэдээлэл цацагдаж байна. Гадаадаас худалдаж авсан бүх онгоцны зээл, төлбөрийг МИАТ компани бүх зардлыг өөрийн үйл ажиллагааны орлогоор төлдөг. Зах зээл рүү гадаадын авиа компаниуд түрэн орон, ирж байгаа нь МИАТ компанийг хүнд байдалд оруулж магадгүй” гэлээ.
“МИАТ” компанийн онгоцны тасалбар өндөр үнэтэй гэж иргэд шүүмжилдэг. Үүнд гавьяат нисгэгч Р.Батнасан “2011 оноос хойш МИАТ компани үнэ тарифаа өөрчлөөгүй. Төр засаг долларын ханшаа барьж чадахгүй явсаар байгаад долларын ханшаар ийм зөрүү гарсан. Тэрнээс 2011 онд тасалбарын үнэ ямар байсан тэр хэвээрээ байгаа. Зөвхөн долларын ханшнаас шалтгаалаад ийм болчихсон. Шатахууны үнэ хямдравал тасалбарын үнийг буурулах боломжтой” хэмээлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|