“Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл“ ОЛОН УЛСЫН анхдугаар ФОРУМ боллоо
Монгол банкнаас санаачлан хэрэгжүүлж буй Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аяны хүрээнд “Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл анхдугаар форум” өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдлаа.
Тус олон улсын форумыг Монголбанк, Монголын Банкуудын холбоо, Хаан банк хамтран Монгол улсад анх удаа зохион байгуулсан бөгөөд форум цахим банкны аюулгүй байдал, Төлбөрийн картын эрсдэл, Цахим банк болон төлбөрийн аюулгүй байдлын тухай иргэд, олон нийтийн мэдлэг боловсрол гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж, салбар бүрийн шилдгүүд панелистаар оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тухайлбал, Цахим банкны аюулгүй байдал сэдвийн гол илтгэгчээр Акати Консалтинг компанийн Гүйцэтгэх захирал, мэдээлэл технологийн Олон улсын эксперт Кришиа Ражагопал, Төлбөрийн картын эрсдэл сэдвийн гол илтгэгчээр Korea&Mongolia, VISA Inc компанийн Эрсдэл хариуцсан захирал Крис Кан, Цахим банк болон төлбөрийн аюулгүй байдлын тухай иргэд, олон нийтийн мэдлэг, боловсрол сэдвийн гол илтгэгчээр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү, Эрүүгийн Цагдаагийн Албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн Ахлах мөрдөгч, Цагдаагийн ахмад У.Батнасан нар оролцлоо.
Форумын үеэр цахим банк болон төлбөрийн картын аюулгүй байдлын тухай асуудлуудад мэргэжлийн хүмүүс ул суурьтай мэдээлэл, зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Форумд Монгол улсын бизнесийн салбарын томоохон компаниудын шийдвэр гаргах түвшний 200 гаруй албан тушаалтнуудад хүрэлцэн ирж оролцсон нь тус форумын ач холбогдол, үр дүн, нэр хүнд, цар хүрээг харуулахын зэрэгцээ мөн цаг үеэ олсон чухал сэдвүүдийг хөндөж чадсаныг харуулж байна.